Parchment Paper

Парчмэнт Пэпэр (Пергаментан Цаас)

Пергаментан цаас нь пергаментан урлалд (Pergamano гэж мөн нэрлэдэг) ашигладаг тусгай цаас юм. Пергаментан цаас ашиглан карт, хайрцаг, хананы чимэглэл, гэрлийн бүрхүүл гэх мэт олон төрлийн чимэглэл хийх боломжийг олгодог ур чадвар шаардсан сонирхолтой урлалын төрөл юм.

Энэхүү урлалд дараах төрлийн арга, техникийг ашигладаг.

Үүнд:

Товойлгох:

Пергаментан цаасыг товойлгон өөрийн хүссэн загварыг үүсгэх боломжтой байдаг. Аль талд нь товойлгож байгаагаас шалтгаалан товгор, эсвэл хотгор хэв гарган ашиглаж болдог. Товойлгох багажийг ашиглан пергаментан цаасыг доош нь дарсан байдлаар урагш, хойш эсвэл хажуу тийш гүйлгэх замаар товойлгож болдог.

Энэ нь цаасыг жигд сунгадаг. Товойлгосон хэсэг гялгар цагаан өнгөтэй байх бөгөөд энэ нь тунгалаг пергаментан цаасан дээр тод ялгарч харагддаг. Үзүүртэй багаж ашиглан нарийн зураас, мөрийг мөн гаргах боломжтой.

Хайчлах:

Хайчлах аргыг голчлон цоолтуурын аргатай хослуулан ашигладаг. Үүнийг 2 зүү ашиглан аливаа дүрсийг цааснаас салгах тохиолдолд ашигладаг; 4 зүү ашиглан торон хээ үүсгэхэд ашигладаг.

Цэгээр зурах:

Цэгээр цоолох/цэгээр зурах аргаар  цагаан матте гадарга үүсгэх эсвэл цэцэгний гол зэрэг нарийн ажиллагаатай хэсгийг зурдаг. Цагаан матте гадарга үүсгэхийн тулд эхлээд товойлгох аргыг ашиглах бөгөөд түүний дараа жижиг цэг үүсгэн тодруулан ажилладаг. Цэгээр цоолохдоо зөөлөн биш хатуу суурь ашиглан хийх нь зүйтэй бөгөөд ингэснээр цэгээр цоолох явцад пергаментан цаасыг нэвтлэхгүйгээр хээ үлдээж цоолно.

Цоолох:

Цоолох нь пергаментан урлал дээр торон хээ үүсгэхэд ашигладаг арга юм. Цоолохдоо аль болох цэвэрхэн хийх шаардлагатай байдаг; загварыг гаргахдаа ихэвчлэн пергаментан цаасан дээр наалт нааж түүний дагуу цоолж гүйцэтгэдэг. Цоолох техникийг хийхэд хэд хэдэн төрлийн багаж ашиглах шаардлагатай байдаг. Цоолох аргыг мөн ирмэг, хүрээ үүсгэх эсвэл зүсэлтийг тодорхойлоход ашигладаг.

Будах:

Энэхүү цаасыг будах олон төрлийн арга байдаг. Усан будгийн харандаа нь түгээмэл ашиглагддаг аргуудын нэг юм.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал