Алтыг Нь Авлаа Ч Авдрыг Нь Хаяхгүй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/25

Танай гэрт өдөр бүр ямар нэг хүнсний сав баглаа, эсвэл нэг удаагийн хоолны хэрэгслүүд хог болон хаягдсаар байна уу? Тэгвэл тэдгээр зүйлсийг ашиглан ямар нэг бүтээл хийвэл ямар вэ? Надад бол байгальд хог хаяхгүй бас удаан хугацаанд хэрэглэх зүйл хийвэл урамтай бас мөнгөнд хэмнэлттэй ер нь тал бүрийн ашигтай санагдаж байна. Энэ удаад би Принглесийн сав болон модон савх ашиглан өөртөө ойр зуурын хэрэгсэл хадгалах сав хийх санаа төрлөө. Бид ихэвчлэн шарсан төмсийг нь идэж дуусгаад савыг нь хогийн саванд хийдэг шүү дээ.

Гэтэл энэ хайрцагт олон сайхан чанар байдаг. Усанд тэсвэртэй, бөх бат, төмөр ёроолтой хаяхад арай л хайран. Тэгвэл жаахан л өөрчлөөд өөртөө хэрэгтэй зүйл болгож болох юм. Танд таалагдвал дагаад хийгээрэй.

 

Нүүр цэвэрлэгчийн хөвөн хийх сав хийхдээ савхаа цэвэрлээд өргөн нарийн талаар нь сөөлжүүлэн наана. Тараган цавуугаа нилээд ихээр түрхэж наагаад илүү гарсаныг нь алчүүраар арчиж аваарай.

Хөвөнгөө гаргаж авч байх бяцхан нүхийг ёроолоос эхлэн 4см урттай 2см өргөнтэй байхаар бодож цаасны хутгаар ухаж авна.

Гаргасан нүхний ирмэгтэй чацуулж үлдсэн савхаа нааж дуусгана.

Хөмсөгний харандаа болон бусад гоо сайхны будаг хийх савыг хийхдээ мөхөөлдөсний ишийг цэвэрлэн принглесний савны ёроолд тулган наана.

Мөхөөлдөсний ишийг нааж дууссаны дараагаар савандаа сайн наалдуулахын тулд ямар нэг зүйлээр сайтар баглан хөдөлгөөнгүй боож хатаах хэрэгтэй.

Хатаж бэлэн болсных нь дараагаар илүү гарсан савыг цаасны хутгаар тайрч авна.

Одоо ил харагдах үлдсэн хэсгийг нь хайчаар хайчилж аваарай.

Принглесийн саван дээр наасан мөхөөлдөсний иш болон савхыг сайтар зүлгүүрдэхэд будахад эвтэйхэн гөлгөр гадаргуу үүснэ

Glazing medium ба усыг адил хэмжээгээр холиод акрилан будаг хүссэн хэмжээгээрээ хийж модоо будаарай. Будгийг ингэж шингэлэхэд модны хээ нэвт харагдахаар тунгалаг харагддаг. Бүтээлээ будсаныхаа дараа акрилан лакаар 3 давхарлан лакдаарай.

Бүтээлүүддээ таг хийхдээ савныхаа гадна болон дотор хүрээгээр хэмжээ авч зузаан картон цаасаар дугуй дүрснүүд бэлдэнэ. Мөхөөлдөсний ишнүүдийг дундуур нь зүсч бэлдэнэ

Цаасан дурснүүд болон мөхөөлдөсний ишийг хооронд нь хавсран наана.

Бариул хийхдээ мөхөөлдөсний ишийг тэнцүү хэмжээгээр олон хувааж өнцөгөөс нь өөлөөд хооронд нь давхарлан наана.

Тагны илүү гарсан модон хэсгийг тайрч хаясны дараа бариул болон тагийг хооронд нь нааж их биетэй нь адил өнгөөр будна.

 Анхааруулга:

Модон савхны нэг үзүүр нь нөгөөгөөсөө нарийн байдаг тул 2 үзүүрийг заавал сөөлжүүлэн наана. Тэгэхгүй бол ханарч эв хавгүй харагдана.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд