Аз Жаргалын Цэцэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/06

Цэцэг навч хатаж эхлэх  үеэс л хурдан зун болоосой хэмээн хүсч байлаа. Намар, өвөл, дараа нь хавар. Бүтэн 3 улирал дамнан цэцэг навчаар ангаж цангасан би одоо л нэг юм хүсэн хүлээсэн урин дулаан цагтайгаа золгов. Иймд ногоон байгаль, өнгөлөг цэцэгсээ харж баяссан сэтгэлээ илэрхийлж урлал хийхээр шийдлээ. Ингэхдээ мөн танд фон хийх шинэ техник танилцуулахыг зорилоо.

Би энэ картанд ашигласан техникийг The Daily Marker цахим блогоос санаа авлаа. Хэрэв та санаж байгаа бол би өмнөх нийтлэлдээ Давхар Тамгалах аргыг танилцуулсан.

Харин энд танилцуулах арга тэрхүү техниктэй төстэй боловч фон хийхэд илүү шинэлэг мөн сонирхолтой байх болов уу.

 Фоноо Бүтээх Техникээ Сурцгаая!

Эхлээд цаасан скочоо Hammer цаасан дээр ташуулдуулж наана. Та хүсвэл хөндлөн эсвэл босоогоор ч нааж болно.

Дараа нь Distress Ink тамганы өнгөний Worn Lipstick улаан өнгийг порлонд шингээн картны зах хавиар тод харин гол хэсэгт бүдэг байхаар уусгаж будна.

Харин одоо цаасан скочоо хуулж дахин бага зэрэг доошлуулж улаан өнгөтэй бага зэрэг давхардуулж наагаад улбар шар тамганы өнгийг мөн ижил уусгаж будна.

Ингээд фон маань бэлэн боллоо. Картны гол хэсэг цайвар, харин зах нь тод будагдсан байгаа биз?

Цэцгэндээ! 

Neenah цаасан дээр цэцэг болон навчаа тамгалж, Spectrum Noir маркераар бага зэрэг уусгаж будна. Үүнийгээ хүрээгээр нь хайчилна. Том, дунд, жижиг 3 цэцэг, мөн дагалдах навч хийлээ.

Цэцгээ бага зэрэг хэмжээст болгохын тулд цэцэгний голыг Dimensional Magic-р шилэн бүрхүүлтэй болгов. Ингээд навчаа цэцгэнд нааж, хөвөн цавуугаар картандаа зохицуулж наана. Хамгийн сүүлд Аз Жаргал Хүсье гэсэн тамгаар товойлгож тамгалаад карт маань бэлэн боллоо.

Цэцэг харж сэтгэлээ баясгахыг хүсвэл та урлалаа хийгээрэй. Таны урласан тэрхүү цэцэг хэн нэгэнд баяр баясал, аз жаргал авчирна гэдэгт итгэлтэй байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд