Баярын Ширээндээ Үзэмж Нэмцгээе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/12/06

Гэр бүлээрээ цуглан хамтдаа хооллох баярын ширээнд тань өнгө нэмэх бүтээлийг урлалаа. Би шилэн хундага, лонх ашиглаж энэ бүтээлээ урлалаа. Та үүнээс санаа авч ямар ч шилэн болон хуванцар гадаргуу дээр хүссэн бүтээлээ урлаарай.

  • Шилэн хундага, шилэн лонх
  • Шил арчигч спирттэй цаас
  • Glass Stain шилний будаг (өнгөнүүд: улаан, шар, ногоон)

Өмнө нь энэ будгийг ашиглаж хэд хэдэн бүтээл урласан хэдий ч энэ удаа дугуйрсан гадаргуу дээр хэрхэн чимэглэж болохыг туршиж үзлээ. Шилэн хундага, лонхоо будахдаа хэвтээгээр нь барьж байгаад бөмбөлөгүүд зурж урлалаа. Бөмбөлөгүүдийг зурахдаа эхний будгаа хатсаны дараа нь дараагийн будгийг будах зэргээр нэг бүрчлэн будаж энэ урлалаа гүйцээж дуусгасан. Жижиг бөмбөлөгүүд зурсаар ямарч дүрс үүсгэж болно. Миний хувьд ногоон, улаан бөмбөлөгөөрөө гацуур модыг дүрслэлээ.

Эсрэг талд нь Шинэ оны мэнд хүргэе гэж бичсэн. Ингэж бичихэд тийм ч амаргүй тул 3D гадаргуу үүсгэдэг Gloss Enamels будаг ашиглалаа. Энэхүү будаг маань хатсаныхаа дараа тунгалаг, нэвт харагддаг юм. Бичихэд харьцангуй өтгөн учраас бичвэр маань ч урсахгүй амар байлаа.

Харин шилэн лонх дээрээ улаан ногоон бөмбөлөгүүдээр гэрлэн чимэглэлийг дүрсэлж гацуур модтойгоо ижилсүүллээ. Бөмбөлөгүүдээ шар Glass Stain будгаар нарийнхан холбоос үүсгэж зурж өгсөнөөр гэрлэн чимэглэл шиг болж чадлаа.

Санамж: Будаг маань урсамтгай, шингэн тул маш бага хэмжээгээр болгоомжтой дусаагаарай. Мөн дотор нь бөмбөлөг үүсгэхээс сэргийлж будгаа сэгсрэхгүй байхыг анхааруулж байна. Glass Stain будаг маань чимэглэлийн зориулалттай тул угааж арчихад тохиромжгүй гэдгийг санаарай. Хэрвээ та цэвэрлэх бол угаалгын шингэн ашиглалгүйгээр цэвэр усаар зайлж цэвэрлэж болно шүү.

Ингээд  баярын ширээнд маань үзэмж нэмэх хослол маань бэлэн боллоо. Та хундага лонхны хослолоо чимэглэхээс гадна өөр олон зүйлсийг чимэглэж болно. Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд