Би Парист Хайртай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/14

Бидний тойрох дэвтрийн аялал үргэлжилсээр… Миний очих дуртай газар бол Парис. Би Парист 3 хоногийн аялал хийхэд надад хамгийн их таалагдсан газрыг ажилтан Саагийгийн “Миний Дуртай Газар” сэдэвтэй тойрон аялах дэвтэр дээр хийхээр шийдлээ. Та бидний сайн мэдэх Эйфелийн цамхаг болон Луврын музейн дунд орших шилэн пирамидыг би тамганы техник ашиглан хийлээ. Ингээд та бүхэн надтай хамт тамганы техникт суралцаарай.

Урлалаа эхэлцгээе

Хамгийн түрүүнд бичигтэй тамгыг шилэн блок эсвэл шугам дээр тогтоогоод Distress Weathered Wood тамганы өнгөөр тамга дээрээ товшиж түрхэнэ. Дэвтрийнхээ хавтсыг дүүргэж олон тамгалана. Дахин тамгалах бүртээ тамганы өнгөө түрхээрэй.

Эйфелийн цамхаг болон Пирамидын дүрсийг цаасан дээр зүсэж цоолбороо бэлдэнэ. Цоолбороо Herma цавуугаар дэвтрийнхээ хуудас дээр голлуулж наана. Herma цавуу маань буцаагаад хуулахад цаасыг урахгүй учраас ашиглахад хамгийн тохиромжтой цавуу юм. Пирамидын цоолбороо 3D харагдуулахын тулд Distress Black Soot тамганы өнгөөр хажуу талыг нь харлуулж өгсөн.

Дэвтрийн хуудсаа цэвэрхэн бичгийн цаасан дээр тавина. Цоолбор дээрээ Versamark цавуулаг тамганы өнгөө жигд түрхээд өнгөгүй товойлгогч нунтгаа асгана. Илүүдэл товойлгогч нунтгаа цэвэрхэн бичгийн цаасан дээрээ асгаад саванд нь буцаан хийж дахин ашиглаарай. Versamark тамганы өнгө дээр тогтсон товойлгогч нунтгаа халуунаар төөнөгч багажаар төөнүүлж хайлуулна.

Дараа нь Distress Iced Spruce тамганы өнгөөр дэвтрийн хуудсаа жигд бүхэлд нь будна. Хамгийн сүүлд нь товойлгогч нунтаг дээр будагдсан тамганы өнгөө нойтон салфеткаар арчаад миний бүтээл дууслаа.

Та бүхэндээ тамганы шинэ техник хуваалцсандаа туйлын баяртай байна. Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд