Чихээ Чимцгээе!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/30

Сайн байна уу? Шинэ оны анхны урлал минь хуйлмалын цаасаар хийсэн ээмэгнүүд байлаа.  Гурван өөр загварын ээмгийг нэг аргаар /техникээр/ хэрхэн урласан, мөн урлах явцад гарсан алдаа оноогоо та бүхэнтэй хуваалцъяа.

Сэтгэлийн хөөрлөөр хандсан нь / Бүтэлгүйтэл

“Ширээн дээр байгаа хайрцагтай хуйлмалын цааснууд, хуйлагч багаж болон цавуу ашиглан 3 өөр төрлийн ээмэг хийгээрэй, Жүли” гэсэн зурвасыг аваад дотроо үүн шиг амархан зүйл байхгүй шүү дээ, гялс хийчихнэ гээд их л маадгар байлаа. Хийх ээмгээ толгойдоо төсөөлөөд шууд л хайрцгаа онгойлгож дуртай өнгөө сонгоод хуйлагч багажны үзүүрт цаасаа хийж байгаад хуйлав. Хуйлсан зүйлээ багажнаасаа авахаас өмнө цаасныхаа үзүүрийг хуйлж буй эх биетэй нь наах зорилгоор цавуугаа ахиухан түрхэв. Тэгээд багажнаасаа шууд л татаад авлаа. Юу болох нь энэ вэ?! Хуйлсан цаасны минь гол буюу нөгөө үзүүр багажандаа үлдчихлээ! Цавуу маань хатахдаа гялайж хатдаг гэдгийг нь мэдэхгүй их түрхснийг ч хэлэх үү, хачин бохир болов. Хэдэн хэдэн удаа дахин ороов, наав. Бүтэлгүйтэл үргэлжилсээр…

Ойлгомжтой заавар, олон удаагийн оролдлого

Жүли олон удаагийн бүтэлгүйтэлийг минь анзаарч маш хэрэгтэй хэдэн зөвлөгөө өгсний дараа байдал өөрөөр эргэлээ шүү.

Ээмэг урлах уу? Эрхий хурууны өндгөө хайрлах уу?

Мэдээж ээмгээ урлана. Олон удаа зөв техникээр хуйлж байгаа ч эрхий хурууны өндөг их өвдсөөн.

Ороосон хуйлмал минь үнэхээр сайхан болсныг хар даа! Тиймээ! Үүнийг л хүсээд байсан шүү дээ. Арга нь зөв бол ямарч зүйл асуудалгүй юм байна. Бүтэлгүйтэл минь баяртай. Хүссэн ээмэгнүүд минь тавтай морил!

Анх удаа хуйлмалын цаас ороож байгаа бол доорх зөвлөгөөг дагаарай:

3 мм-ийн өргөнтэй цааснаас эхэлж хийвэл зүгээр санагдсан.

Цаасаа хуйлахдаа нэгэн жигд ороох хэрэгтэй.

Ороож дуусах үед үзүүр хэсэгт нь маш бага хэмжээний цавууг шүдний чигчлүүр эсвэл зүүгээр түрхэж өгөөрэй.

Цавуугаа түрхсний дараа хэдэн секунд бариарай.

Ороосон цаасаа багажнаасаа авахдаа татаж биш хойноос нь эрхий хуруугаараа түлхэж авна.

Хуйлагч багажаараа ороосон зүйлээ дээрээс нь жигд хүчээр элдэж өгөөрэй. Ингэснээр ороосон зүйл маань сайхан болно.

Ороосон бэлдэцүүдээ хооронд нь наахдаа цавуугаа маш бага түрхээд хөдөлгөхгүйгээр 10-15 секунд барина.

Бэлдэцүүдийг хооронд нь нааснаар ээмэгний их бие бэлэн болно.

Цаас хэврэг, иймд хэлбэрийг нь хадгалах үүднээс бэхжүүлэгч (лак) түрхэнэ. Мэдээж хэрэг лак түрхэхэд цаас норж таны бүтээл хэлбэр дүрсээ алдаж, үрчийж умгалдаж болзошгүй тул үүн дээрээ анхаарах хэрэгтэй шүү. Хамгийн түрүүнд лакдахаасаа өмнө хэрэглэж буй цавуунаасаа маш бага зэргийг хуурай бийрээр авч,  дээрээс нь болгоомжтойгоор товшин түрхэнэ. Хатсны дараа нөгөө талыг нь мөн адил түрхэнэ. Энэ мэтчилэн 2-3 удаа түрхэж маш сайн хатаасны дараа таны хийсэн бүтээл арай биетэй мөн лак түрхсэн ч норж хэлбэрээ алдхааргүй болсон байх болно. Үүний дараа харин лакаа санаа зоволгүйгээр түрхэж өөрийн гараар урласан бүтээлээ урт настай болгоорой.

Одоо харин би та бүхэндээ 3 ээмгээ яаж хийснээ тус тусад нь танилцуулъя.

Бөөн бөөн бөмбөлгүүд

Энэхүү ээмэг маань маш сонирхолтой бас зуны өнгө аясыг өөртөө шингээсэн байгаа биз? Би үүнийг хийхдээ цаасаа өнгө өнгийг хооронд нь нийлүүлэн эргүүлж жижиг том гээд л янз бүрийн хэмжээтэй бөмбөлгүүдийг хуйлж хийсэн. Хийхэд ч маш урамтай байсан шүү.

Энгийн тусмаа…

Миний дараагийн хийсэн ээмэгний хувьд маш энгийн харагдаж байгаа хирнээ цаанаа л нэг донжтой. Та хэрвээ анзаарч байвал голын бөөрөнхий дүрсийг хуйлахдаа цайвар ногооноос өнгө нь тодорч байхаар уусгаж хийсэн. Харин хүрээг нь би хар өнгийг сонгосон нь илүү тодруулж өгсөн.

Хээнцэр Уусгалт

Өмнөх хийсэн ээмэгний өнгөний уусгалтаас санаа аван улам баяжуулах хүсэл төрж энэхүү ээмэгээ урлалаа. Дээрхи 2 ээмэгнээс дизайн болон өнгөний хувьд тэс ондоо байгаа биз? Ээмэг маань гялалзаж байгааг харж байна уу? Тиймээ би саатай декупаж мидиумыг ашиглаж ээмэгээ бэхжүүлсэн. Өөрийн дуртай үзмэн ягаан өнгийн уусгалтаар хийж гүйцэтгэсэн нь хээнцэр төрхийг бий болгосон. Дунд нь мөн тодрон харагдах цагаан зуйванг ээмгэндээ оруулж өгсөн нь зай ашиглах бас нэгэн арга билээ.

Эцэст нь ээмэгний дэгээ, гогцоо хийгээд л ээмэг бэлэн болно.

Анх удаа хуйлж байгаа бол миний бүтэлгүйтлийг санаж таны бүтээл шууд л төгс болно гэж бүү бодоорой. Хамгийн багадаа 10 удаа хуйлсны дараа таны гарт орж, жигд сайхан хуйлмал гаргах бөгөөд шантралгүй хийх тусам улам туршлагатай болно шүү.

За танд амжилт хүсье!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд