Чулуун Дээрх Миний Миаув Миаув

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/17

Гол устай газраар аялж амарч байхад гөлгөр, мөлчгөр, өөгүй, хавтгай чулуунууд энд тэндгүй л байдаг даа? Тэгвэл эдгээр сайхан байгалийн бэлэн чулуун дээр зураг зурвал янзтай сайхан урлал болох нь гарцаагүй. Би өөрийн хайртай муужгайгаа чулуун дээр буулгаж, мууранд хайртай найздаа барих бэлэг бэлдлээ.

Юуны түрүүнд чулуугаа сайтар угааж хатаах хэрэгтэй. Энэхүү чулууг угаагаад хатсаны дараа харахад дээр нь яг муужгайгаа зурахад тохиромжтой санагдсан тул эхлээд балын харандаагаар ерөнхийд нь хар зургийг нь гаргаж байгаад акрилан будгаар будав.

Ингээд муурын нүүрэн хэсгийг хэрхэн зурсан аргаа цаасан дээр буулган үзүүлье. Зурахад үнэхээр амархан тул та ч гэсэн дагаад зураарай.

Зурах дараалал

Аливаа зүйлийг зурахдаа тэгш хэмтэй зурах хэрэгтэй учраас эхлээд балын харандаагаар тэгш хэмийг бүдэгхэн зураарай.

Дараа нь нүд зурна. Нүдийг зурахдаа 2 тэнцүү, зурагт үзүүлсний дагуу зурна

Нүдний дотор талыг зураад хажууд нь жижиг дөрвөлжин зураад, хамар болон амыг нь зураарай.

Толгойн үндсэн хэлбэрийг гаргаж, чих зурна. Мөн нүдний гадна талыг нь балын харандаагаараа хүрээлж, урд ухархай болон нүдийн алимийг нь хараар будна. Жижиг дөрвөлжинг будахгүй үлдээгээрэй.

Одоо муураа будацгаая.

Зөвлөмж:  Хэрэв шууд чулуун дээр зурж байгаа бол нүдний хүрээ болон будах хэсгийг шууд  өнгийн акрилан будгаараа нарийн бийр ашиглан будаарай.  Харин цагаан өнгийн будгаар нүдэнд гэрэл нэмж өгөөрэй.

Ингээд та муур зурж сурлаа. Зурсан муурныхаа арын фоныг чулуутайгаа адил болгох үүднээс Distress ink тамганы өнгөөр будав.  Энэхүү муур зурсан ноорог цаасаа чулуутайгаа хослуулж, төрсөн өдрийн мэндчилгээний карт хийлээ.

Ингээд мууранд хайртай, муур сонирхдог найздаа барих төрсөн өдрийн бяцхан бэлэгтэй болчихлоо.

Та ч гэсэн дагаад урлаарай. Амжилт!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд