Дараа Дараагийн Хуудсанд…

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/12/20

Өмнөх нийтлэлээрээ ”Дэвтрийн хавтасаа нээмэгц” тойрон дамжуулах дэвтрийн эхний хуудсыг хэрхэн чимсэн талаар дурьдсан бол одоо үлдсэн хуудаснууд ямар болсныг сонирхоцгооё. Хэрвээ та санаж байгаа бол манай тойрон дамжуулах хуудасны дэвтрийн сэдвүүд бүгд “Шинэ жил”, “Зул сар”, “Өвөл” гэсэн сэдвүүдтэй гэдгийг мэдэж байгаа байх.

Эхлээд бүгдээрээ Өвлийн загварын долоо хоногоор хамтдаа аялъя! Өмнөх нийтлэлд дурдаж байсанчлан өвлийн загварыг шинэ жилийн гоёл, дулаан хувцас хоёроор төсөөлөхийн аргагүй биз ээ. Пергаментан цаас, цасан зуурмагийн хослолоор өвлийн цасан охины загварыг Сараа эгч маань илэрхийлсэн бол эрүүл хүн мянган баян гэдэг шиг Нараа эгч маань дулаан явахыг бид бүгдэд саяхан сурсан Gelli printing болон харандаагаар бүтсэн урлалаар дамжуулан сануулах шиг… Их гоё содон фон байгаа биз! Харин энэхүү дэвтрээ хийж байхдаа Баттуяа ахыг юу хийх бол оо гэж их сонирхож байсан бол товойлгогч нунтагийн мэргэжилтэн Баттуяа ах маань намайг л лав гайхшруулсан. Үнэхээр л эрэгтэй хүний өвлийн загвар мөн дөө. Яаж хийснийг та ч бас сонирхож байна уу? Туршаад үзээрэй.

Харин Ундармаа эгчийн Зул сарын бэлгийн хуудасны санаа нь надад их таалагдсан. Үнэхээр л зул сарын өглөө хөшгөө нээгээд л харахад уут дүүрэн бэлэг, өхөөрдөм хөөрхөн амьтад угтвал ямар гоё вэ? Урлалын дэвтрийг 3D хэлбэрээр хийх Оза эгчийн маань хуудас ч маш их таалагдлаа. Хөөрхөн бяцхан үрсийнхээ зул сарын модыг бусдаас содон, өнгөлөг байлгах түүнд хамгийн гоё бэлэг гэж байна шүү. Өө нээрээ Оза эгчийн маань хүсэл биелсэнийг дуулгахад таатай байна. Арай энэ дэвтэр маань хүсэл биелүүлдэг шидтэй юм биш биз!

Төрсөн өдрийн лаа үлээхдээ хүн бүр хүслээ шивнэдэг шүү дээ! Тэрхүү хүсэл биелэх биелэхгүй нь хамаагүй хамгийн гол нь аливаа хүсэл бүхэн таны ирээдүйн далавчийг ургуулж байдаг юм шүү гэдгийг Баттуяа ах маань товойлгодог нунтгаар тун гоё илэрхийлж чаджээ. Мэдээж бүтэхгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Тэгтэл Сараа эгч болон Оза эгч нар маань харин нэг биш нилээн хэдэн хүслийг өөр өөрийн загвар имижээр илэрхийлжээ. Боддог л бодол, тийм ээ?

Таны хамгийн мартагдашгүй өвлийн дурсамж юу вэ? Бидний ихэнхи дурсамж дандаа л цастай холбоотой байна. Цасаар цасан хүн хийх, цасан дээр гулгаж тоглох, цасаар байлдах гээд л энэ дундаас Ундармаа эгчийн маань урлалын хуудас маш их таалагдлаа. Ердөө л бийр будаг гээд боддоо.

Зул сарын чимэглэл гэхээр танд юу санаанд ордог вэ? Ундармаа эгчийн маань Зул сарын чимэглэл тойрон дамжуулах дэвтрийн бусад хуудсанд зул сарын гацуур модны чимэглэлүүд өнгө өнгөөрөө, загвар загвараараа чимэглэгджээ. Тэр дундаас Оза эгчийн хийсэн цасан ширхэгийн хэвнүүд яалт ч үгүй анхаарлыг маань татлаа. Хэрхэн ийм содон гоё хэв гаргасныг та манай дэлгүүрээр ороод гарахдаа асуух боломжтой шүү. Харин Баттуяа ахын чимэглэл шинэ жил, цагаан цас, өвлийн нүцгэн улиас зэргийг санагдуулам цэвэрхэн гоё хуудас болжээ.

Хүний амьдралд баяр баясал авчирдаг зүйлс маш олон байдаг гэж би боддог. Бид бүхэн өөр өөрийн өвлийн баяр баяслаа Баттуяа ахын дэвтэр дээр Distress ink, саатай цавуу, товойлгодог нунтаг, декупаж, акрилан будаг зэргийг ашиглан буулгасан бөгөөд Нараа эгч маань Христ итгэгчийн хувьд Хаан төрснийг баяр баяслаа хэмээн өөрийн хуудсаараа илэрхийлжээ. Харин миний хувьд цас хаялсны дараа өвөл иржээ гэж боддог болохоороо цасаар өвлийн баяр баяслыг төлөөлүүлмээр санагдлаа.

Энэ мэтчилэн хуудас бүр маань өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц шинж чанар техниктэй урлалын нэгэн дурсамж болж бидэнд үлдлээ. Ингээд бидний энэ жилийн хамгийн сүүлийн тойрон дамжуулах дэвтэр маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дараагийн урлалын санаа болон урлалын бүтээлүүдээрээ удахгүй уулзацгаая! Та бүхэн сайхан баярлаарай!

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд