Дэлгэсэн Тэрлэг Шиг Миний Монгол

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/05/10

Сайн уу? Өнөөдрийн урлал минь үнэхээр эх оронч урлал болсон шүү.

…Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа

Хүү нь болохоор адилхан би…гэж Хурд хамтлагийн дууг амандаа аялаад л энэхүү урлалаа хийлээ. Ингээд урлалаа хэрхэн хийснээ та бүхэнтэйгээ хуваалцъя аа.

  • Гал тогооны салфетка эсвэл Нойтон салфетка
  • Sharpie үзэг
  • Зураг буулгагч мидиум (DecoArt Photo transfer medium)
  • Лазер принтерээр хэвлэсэн үгс
  • Зузаавтар утас
  • Халуун буун цавуу

Хуулган дээр Монголын газрын зургийг Curio электрон зүсэгч машинаар гаргасныг болгоомжтойгоор хуулан авна.

Үүнийгээ модон хавтан дээр наана.

Хуучин мэт гадаргуу үүсгэх нь

Газрын зургаа төрийнхөө далбаатай хослуулж, урлалаараа дамжуулан эх орноороо бахархах нь сайхан биш гэж үү? Тиймээс хавтангаа төрийн далбааныхаа өнгөөр, гэхдээ модны өөрийнх нь зураасыг харагдуулах зорилгоор Staining Medium-ыг будагтайгаа холиод будна. Будахдаа цаасан скоч ашиглан будаарай.

Будгаа хатахаас нь өмнө бага зэрэг чийгтэй салфеткаар арчина. Будаг нь бүдгэрч, модны судал нь харагдаж байна.

Хуулгаа авахаасаа өмнө хар өнгийн Sharpie үзгээр хүрээний дагуу зурна.

Хуулгаа хуулж авахад хийсэн бүтээл минь үнэхээр таалагдаж байна.

Модон дээр хүссэн үгээ буулгаж болно шүү.

Хангай, говь, үзэсгэлэнт сайхан байгаль, өргөн уудам тал нутаг гээд өөрийн санаанд орсон сайхан үгсийг,  мөн хүн бүрийн мэддэг шүлгийн хэсгээс нэг, хоёр мөрийг газрын зураг дотор багтаах санаа төрлөө. Компьютер дээр эдгээр үгсийг бэлтгэн лазер принтерээр урвуугаар нь хэвлэж гаргана. Зураг буулгах гадаргуу дээр зураг буулгагч мидиумаа зузаавтар түрхэж хэвлэсэн цаасаа нүүрэн талаар нь наана.

Наах үед хий орсон байж магадгүй. Тиймээс голоос нь эхлээд зах руу өнхрүүш юмуу шпателаар зөөлөн татаарай. Илүүдэл мидиумыг чийгтэй алчуураар арчиж авна. Хатах хугацаа 8 цаг.

Цаасаа хуулж авах үйл явцыг доорх бичлэгээр үзүүллээ.

Хийсэн бүтээлээ удаан эдэлгээтэй байлгах үүднээс дээрээс нь бэхжүүлэгч лак түрхэнэ.

Санамж: Бэхжүүлэлч лак түрхэхээсээ өмнө бага зэрэг чийгтэй порлон эсвэл алчуураар арчаад нойтон байгаа дээр нь лакаа түрхээрэй.

Энэхүү газрын зургаа хананд өлгөх тул ард нь зузаавтар утас сүлжиж байгаад халуун буун цавуугаар нааж гогцоо гаргалаа.

За ингээд ханандаа өлгөх сайхан бүтээлтэй боллоо. Танд таалагдсан бол дагаад хийгээрэй. Амжилт!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд