Дэнж Хотойтол Наадах – Дэлхийд Ганцхан Монгол Наадам

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/01

Морин хуурын аялгуу, уртын дууны шуранхай, цовоо бяцхан хүүхдүүдийн гийнгоон дуу, хурдан хүлэг морьд, зүлэг ногоон дэвжээ, хүчит бөхчүүд, хараа хурц мэргэн харваачид, тиймээ энэ бол миний, таны, бидний Монгол наадам.

Энэ удаагийн урлалаараа “Наадам” ханын босоо чимэглэл хийлээ.

Фоноо Будъя

Эхлээд цааснуудаа 20 см х 20 см хэмжээтэй бэлдэнэ.

Чимэглэлийн зохиомж маань хоорондоо нараар холбогдож байгаа тул эхний цаасан дээрээ аагим халууныг үл анзааран бариандаа орохоор хурдлан буй аргамаг хүлэг, унаач хүүг. Дараагийн цаасан дээр цэлмэг хөх тэнгэрт нар дээшээ хөөрч, цэц мэргэнээ үзэхээр сумаа тавьж буй харваачийг. Сүүлийн цаасан дээр үдэш болж нар жаргахын өмнөх мөчид наадамчин олныг баярлуулан догдлуулсан түрүү бөхийн дэвж байгааг дүрслэхийг хичээлээ.

Нарыг уусган будахдаа эхлээд дугуй дүрс бэлдэнэ. Бэлдсэн дүрсээ цаасан дээрээ тавьж байгаад шар өнгийн Distress Ink (mustard seed) тамганы өнгөөр тойрог хөдөлгөөнөөр будна. Ингээд дугуй дүрсээ авахад нарны дүрс бий болно. Илүү жинхэнэ болгох үүднээс голын цагаан хэсгийг бага зэрэг шар өнгөөрөө будаж өгөөрэй.  Гаднах шар өнгөө тойруулан улбар шар болон улаан өнгийг мөн нэмж өгснөөр жаргаж буй нар бий болно.

Энэ мэтчилэн ногоон зүлэг, цэнхэр тэнгэр зэргийг уусган будснаар арын фон маань бэлэн болсон.

Цоолбордъё

Дараагаар нь хурдан морь унасан хүү, харваач, бөхийн цоолбор бэлдэх хэрэгтэй болсон. (линкүүд нийтлэлийн доод хэсэгт байгаа) Жүлигийн тусламжтайгаар Curio электрон зүсэгч машинаар хурдан морь унасан хүү, харваач хоёрын цоолборыг слайдан цаасан дээр гаргаж авсан. Харин бөхийг би өөрөө цаасан дээр хэвлэж гаргаад слайдан цаасны доор тавьж байгаад цаасны хутгаар зүсч цоолбороо бэлдсэн.

Зөвлөмж: Та өөрийн хүссэн дүрсээ Curio зүсэгчээр гарган авч цоолбор хийх боломжтой. Харин ямарваа нэгэн зургийг интернэтээс авахаасаа өмнө зохиогчийн эрхтэй эсэхийг шалгаарай.

Бэлэн болсон цоолбороо тавьж байгаад хар өнгийн Distress Ink тамганы өнгөөр будснаар зургууд маань бэлэн боллоо.

Одоо эдгээр зурганд хүрээ хэрэгтэй боллоо. Урлалд минь яг л тохирсон хүрээг Жүли надад хийж өгсөн.

Гар доорх бэлэн материал ашиглан хийсэн нь үнэхээр авууштай сайхан санаа болсон. Надад маш их таалагдсан бөгөөд үүнийг хийхэд ердөө л:

  • олс (хар хөх)
  • аргелитан хавтан
  • Ultimate цавуу
  • Americana акрилан будаг байхад болно.

За ингээд зургануудаа хүрээн дээрээ наагаад урлал маань бэлэн боллоо, наадам ч эхлэлээ.

Энэ удаагийн урлалаа Жүлитэй хамтран хийсэн нь нэг хүний санаанаас хоёр хүний санаа хавьгүй дээр гэсэн үгийг батлан харууллаа.

Наадмын амралт урт санагдаж байвал урлал хийж сайхан наадаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд