Дэвтрийн Хавтасаа Нээмэгц…

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/12/19

Өмнөх нийтлэлээрээ тойрон дамжуулах дэвтрийн хавтасаа хэн хэрхэн хийснийг та бүхэндээ сонирхуулсан. Харин энэ удаа эхний хуудас ямар болсныг хамтдаа харцгаая.

Шинэ жилээр зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч бид бас бэлэг авмаар л байдаг шүү дээ. Сараагийн дэвтрийг нээмэгц чарга дүүрэн бэлэг, дээр нь бидний нэрийг бичжээ. Ямар гоё юм бэ?  Ингээд Сараагийн дэвтэр дараагийн хүндээ очиход бэлэн болжээ. Хүлээж авсан хүн энэ жил ямар бэлэг авах хүсэлтэй байгаагаа урлалаар илэрхийлнэ. Та харин ямар бэлэг авмаар байна бэ?

Би л лав 12-р сар гармагц гэртээ гацуур модоо засаж, шинэ жилийн уур амьсгал оруулж, догдлон суудаг хүн. Тэгвэл Ундармаа эгч дэвтэртээ зул сарын чимэглэл хийжээ. Чимэглэлийг бид өөрийн хүссэнээрээ энэ дэвтэр дээр үргэлжлүүлэн урлах нь ээ.

Хөвөн зөөлөн цас бударсан өвлийн тэр нэгэн намуухан үдшийг Баттуяа ах маань Өвлийн баяр хөөр гэж үзсэн бөгөөд үүнийгээ урлалаар илэрхийлсэн байна. Баттуяа ах бол Distress Ink тамганы өнгө болон товойлгодог нунтагаар бол үнэхээр мэргэшсэн байна. Магадгүй та манай дэлгүүрээр ороод гарах юм бол энэхүү гацуур моддыг хуруугаараа нэг тэмтрээд үзээрэй.

Өвөл болмогц зарим нэг маань шинэ жилийн гоёлоо бодож эхэлдэг бол зарим нэг нь дулаахан загварлаг хувцас боддог байх. Харин Болороо маань өвлийн загварыг тодорхойлохдоо алтан шаргал намрыг үргэлжлүүлэн цасан цагаан өвлийн улирал, өвлийн загварын сар эхэлж байгааг урлалаараа илэрхийлжээ.  Энэ дэвтэр дээр бид өөрийн өмсөх дуртай эсвэл өмсөхийг хүсдэг өвлийн эсвэл шинэ жилийн гоёлоо урлах болж дээ.

Гэр бүлийн дулаан уур амьсгал, элэг бүтэн байдал бол хүн бүрийн хүсэл байх. Тэгвэл Наараа маань гэр бүлээрээ баярын ширээгээ тойрон суугаад хамтдаа цагийг сайхан хөгжилдөн өнгөрөөхийг хүссэн байна. Харин бусад маань зул сарын хүслээ бодож амжсан болов уу?

Гадаа хичнээн хүйтэн байсан ч сэтгэл дулаацуулах сайхан дурсамжтай хүн дээ би. Учир нь би өөрөө өвөл төрсөн, хөөрхөн хүү маань бас өвөл төрсөн. Харин цас ормогц л гэр бүлээрээ гадаа гарч цасаар байлдан, цасан хүн хийж тоглодог. Энэ бүгд л миний өвлийн дурсамж юм. Тийм ч учраас өвлийн дурсамжаа хүйгээр холбогдсон хүүхдүүдээ бодож хийлээ.  Харин таны өвлийн дурсамж юу вэ?

За ингээд дэвтрийн эхний хуудас бэлэн болж, дараагийн хүндээ шилжин очиход бэлэн боллоо. Энэхүү дэвтэр маань аялан явсаар 6 төрлийн өөр өөр хуудастай, ёстой сайхан урлалын “дурсгалын” дэвтэр болох нь дамжиггүй боллоо.

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал