Магадгүй та интернэтээс декупаж ч юмуу, эсвэл ямар нэгэн чимэглэх урлалын бичлэг үзэж байхдаа хагардаг лак ашиглаж их өвөрмөц тэгсэн хэрнээ нэг тийм хуучны ч юм шиг гоё болгож байгааг харсан байх. Тэгвэл үүнийг би өөрөө хийж үзэхээр шийдлээ. Дэлгүүрт маань зарагддаг 3 өөр төрлийн хагаралт үүсгэдэг лакыг хооронд нь харьцуулж харлаа. Ингээд үр дүн ямар болсныг хамтдаа харцгаая.
- Канвас
- Gesso
- Americana акрилан будаг (өнгө: Baby pink, Razzle pink, Vivid violet, Grape juice, Warm white)
- Weathered wood хагардаг лак
- Perfect Crackle 2 үетэй хагардаг лак
- One Step Crackle хагардаг лак
- Dazzling metallic акрилан будаг (өнгө: Berry)
- Салфетка
- Decoupage мидиум
- Халуунаар төөнөгч багаж
- Халуун буун цавуу
- Candi цаасан чимэглэл
- Distress Ink тамганы өнгө (Shaded lilac, Dusty concord, Tattered rose, Spun sugar)
- Хайч
- Нойтон сальфетка (будаг арчаад хаяалгүй хадгалсан)
Канвасаа будахаас өмнө жэссо түрхээрэй. Ингэж хийсний дараа акрилан будаг түрхэхэд уухгүй, зууралдахгүй сайхан будагдах болно.
Weathered wood хагардаг лакыг эхлээд ашиглаж үзэхээр шийдлээ. Үүнийг ашиглахад 2 будаг (эсрэг өнгүүд байж болно) хэрэгтэй. Учир нь энэ лак будаг дундуур хагаралт үүсгэдэг. Эхлээд лакаа гадаргуу дээр нь дусаагаад өөрөөр нь тарааж эсвэл бийрээр зөөлөн түрхэж тараана.
Хуруугаараа хүрэхэд бага зэрэг наалдамхай болох хүртэл нь лакаа хатаах хэрэгтэй, ойролцоогоор 30 минут. Ингээд дараа нь өөр өнгийн будгаа дээр нь тавьж будаарай. Хагаралт янзын үүсэж байгаа биз?
Бусад хэсэг дээр нь өөр хагаралт үүсгэдэг лак түрхэж үзсэн ч анх удаа ашиглаж байгаа болохоор зөндөө алдаа гаргачихлаа. Би юун дээр алдсан бэ гэвэл лакаа түрхээд хэт удсан, мөн их зузаан, нимгэн гээд замбараагүй түрхсэн, түрхэхдээ бийрээр тэр чигт нь бийрдэж түрхсэнээс болоод хагаралт маань гоё болсонгүй. Гэхдээ энэхүү алдаагаа өөр зүйлээр өнгөлөн далдлаад дахин эхнээс Weathered Wood лакаар хагаралт үүсгэлээ. Дунд хэсэгт нь сальфеткаар декупаж хийсэн.
Дунд хэсгээ 2 хувааж нэг хэсэг дээр нь “Perfect Crackle” 2 үетэй түрхдэг хагардаг лак туршиж үзлээ. Эхний лакыг түрхэхдээ бийрээр түрхсэн. Том хагаралт үүсгэх бол зузаан түрхээрэй. Лакаа хатсаны дараа дараагийн лакаа түрхэнэ.
Ямар хагаралт үүссэн байгааг харахын тулд сальфеткан дээр өөр өнгийн акрилан будагнаас бага зэрэг түрхээд үрэх байдлаар түрхэхэд хагаралт маань харагдана.
Танд аль хагаралт илүү таалагдаж байна? Надад бол One step crackle илүү таалагдлаа.
Цэцэг хийх шинэ арга сурах уу?
Нойтон сальфеткаар будаг арчаад хаях биш харин хадгалж байгаад цэцэг хийх гэж байгаа бичлэг үзээд дагаад хийж үзсэн юм. Эхлээд дугуй хэлбэрээр хайчилж бэлдэнэ.
Эдгээр дугуй дүрсээ томоос жижиг гэсэн дарааллаар давхарлан тавиад халуунаар төөнөгч багажаар халааж үзүүр хэсгүүдийг нь атиралдуулна.
Дараа нь халуун буун цавуугаар хооронд нь наагаад, цэцгийн голоо Candi цаасан чимэглэлээр хийлээ.
Мэдээж нэг сайхан үг хэрэгтэй гэж бодоод түүнийгээ хэвлэж гаргаад Cuttlebug машинаар хэлбэр гаргаж зүссэн.
Үүнийгээ Distress Ink тамганы өнгөөр уусган будлаа. Ингээд цэцэг болон үгээ нөгөө хагаралт үүсгэсэн гадаргуу дээрээ наагаад л ийм гоё ханын чимэглэлтэй боллоо.
Өнөөдрийн урлалын үр дүнд хэд хэдэн төрлийн хагаралт үүсгэж, ямар хагаралтыг аль лакаар хийхээ мэддэг болсондоо баяртай байна. Ингээд өөрийн гараар өвөрмөц ханын чимэглэл урлаж өөртөө эсвэл анд найздаа бэлэг бариарай.