Эртнийх Байх Тусмаа Үнэ Цэнэтэй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/10/11

Би урлах дуртай. Би юуг ч жаахан янзлаад урлагийн бүтээл болгож болно гэж боддог. Магадгүй дууссан шошны лааз, хэрэглэсэн нойлын цаасны гол, уусан ундааны сав, уншсан сонингийн цаас таны урлалын охь дээж нь болж болох юм.
Энэ зурагны тухайд захирлын маань хэрэггүй гээд хаяхыг тушаасан цаасан хайрцагнуудыг ашиглан хийсэн. Эдгээр хэрэггүй зүйлийг ганц ширхэг амны цаас (салфетка), багахан хэмжээний цавуу, акрилан будаг, хагардаг лак ашиглан ямар болтол нь өөрчилж болохыг таны бүтээлч сэтгэлгээ хэлж өгөх болно.

  • Зурагтай салфетка
  • Салфетка наах хатуу картон
  • Декупажны мидиум
  • Хүрээ хийх нимгэн картон
  • Хүрээн дотор хийх зузаан картон

Хатуу картоныг хүссэн хэмжээгээр зүсч , цайвар өнгийн акрилан будгаар будна.

Декупажны мидиумаар салфеткаа нааж сайн хатсаны дараагаар нимгэн лакдна.

Нимгэн картоныг жааз хийх хэмжээгээр хайчилж нугалах хэсгийн дагуу мохоо иртэй зүйлээр дарж өгнө. Цаасаа гаргасан оромны дагуу нугалж жаазаа хийнэ.

Дарагдаж эвдрэхээс хамгаалан дотор талд нь зузаан картоноор холотог (хэв) хийж сайтар наана.

Декупажилсан зургаа хүрээн дотроо тааруулаад хүрээний арын хэсгийг нугалан нааж тогтооно.

Хүрээгээ алтлаг өнгийн акрилаар будна.

Дараа нь хагардаг лакны 1-р үеийг бага зэрэг зузаан тавьж өгнө. Цагаан байснаа өнгөгүй болон хатах үед нь 2-р үеийг тавьна. Хир зэрэг зузаан нимгэн тавьсанаас шалтгаалан том жижиг хагардаг.

Жаазаа хатсаных нь дараа бор акрилан будгаар хөнгөн арчиж авахад хагарлын завсраар орж цаанаас нь харагдаж байгаа мэт эффект үүсдэг.

Зурагныхаа тодорхой хэсгийг товойлгохын тулд декупажийн мидиумыг олон дахин давхарлан тавьж хатаадаг.

Декупажны мидиумаар хамгаалах давхрага үүсгэн жаазаа хамгаалж бас болох юм.ингээд таны ханын нэгэн чимэглэл бэлэн боллоо.

Урлах үйлд тань амжилт хүсье!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд