Жаргаж буй Нарны Үзэсгэлэнг Дүрслэх нь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/06

Зуны амралт ч юмуу эсвэл салхинд гарах зав чөлөө олдох юм бол би хөдөө хээр байгальд гарч аялахыг маш их хүсдэг. Ялангуяа тал хээр, хөвч тайга говь газар очих бүр ч дуртай. Харамсалтай нь ингэж аялах боломж цаг хугацаа маш ховор байдаг болохоор ийм байгалийг урлаж бүтээх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрлөө. Ингээд би Distress Ink тамганы өнгийг туршиж үзэхээр шийдсэн бөгөөд ямаршуухан урлал хийх бол гэж бодож байсан. Хийсэн зүйлээ харахад үүнийг хийх нь маш амархан бас тун дажгүй карт болсон шүү. Яаж хийснийг маань доорх тайлбараас хараарай.

Эхлээд зузаан цагаан цааснаасаа 15*11 хэмжээтэй дөрвөлжин цаас хайчилж авна. Мөн бага зэргийн хатуу биетэй цаас ашиглан нар мэт хэлбэртэй зүсэж авна. Зүссэн нар хэлбэртэй цаасныхаа ард талыг Herma цавуугаар цаасныхаа дээд буланд нааж тогтооно.

Би хамгийн эхэнд ашиглах тамганыхаа өнгийг сонгохдоо (wild honey) -г сонгож порлоноор бүхэлд нь жигд будсаны дараа дээрээс нь spiced marmalade тамганы өнгөөр давхарлалаа. Одоо зөвхөн цаасныхаа дээд хэсгийг fired brick тамганы өнгөөр будна.

Одоо нарны тусгалыг хийхийн тулд зүссэн дугуй цаасаа хуулж аваад харалдаа доод хэсэгт нь наана.

САНАМЖ:  Цаасаа наахдаа Herma цавуу ашиглан наавал хуулж авахад маш хялбар байдаг бөгөөд ямар нэг цавууны ор мөр үлдэх вий гэж санаа зовох хэрэггүй байх болно.

Тамганы өнгөөр будахаасаа өмнө А5 цаасыг гараараа урж хоёр хэсэг хуваана. Цаасаа урахдаа бага зэрэг далийлгаж урах юм бол газрын гадарга мэт амьд юм шиг харагдах болно.

Газрын гадарга зурахаасаа өмнө зүссэн дугуй цаасныхаа яльгүй дээд хэсгийг – урж авсан цаасны тэгш шугамтай хэсгээр нь дарж байгаад тамганы өнгөөр (fired brick) зөвхөн ирмэг хэсгийг даруулж будна. Ингээд зэрэглээ мэт тасарсан зураас бий болох бөгөөд урсан цаасныхаа нөгөө талыг доош нь харуулж тавиад доод хэсгийг бүхэлд нь хар өнгөөр будна.

Үүний дараа урсан цааснуудаа бага зэрэг зайтай нийлүүлж тавьж байгаад хар өнгөөр ил гарсан хэсгийг жигд будна.

Одоо хэвлэж гаргасан тэмээний дүрсээ болгоомжтой хайчилж аваад газрын гадарга хэсэг дээр тавьж байгаад маркераар (sharpie pen) тэмээгээ дүүргэж будна. Баруун зах хэсэгт нь жижиг гэр зураад л таны говийн зэрэглээ мэт карт бэлэн боллоо.

Одоо 23*15.5 см хэмжээтэй дөрвөлжин hammer цаас зүсэж аваад яг дундуур нь цэвэрхэн нугалаад зургаа цаасныхаа голийг нь тохируулж байгаад herma-аар нааж тогтооно.

Дотны хүндээ бэлэглэх өөрийн гараар урласан гайхалтай карт бэлэн боллоо. Та үүнийг туршиж үзээрэй. Гайхалтай байлаа.

Амжилт хүсье.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд