Хаана ч байхгүй хаалга – 2

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/05

Түрүүчийн нийтлэлээрээ би хаалганы нэг хэсэгт хэрхэн хүрээ хийх талаар өгүүлсэн бол энэ удаад тогосыг хэрхэн зурах талаар хүргэе. Оросын хохлома урлалаар аливаа амьтан зурахдаа яг л цэцэг ногоо зурдаг тэр л татлагуудыг ашигладаг. Би зөвхөн өнгөний хувьд арай өөр буюу амьдралд илүү нийцүүлэхийн тулд хөх өнгө оруулж үзлээ. Мөн толгой болон хүзүүг өөрийнхөөрөө зурав. Бусдаар бол хохлома болсон. Ингээд хэрхэн зурснаа тайлбарлая.

Хүрээгээ хэд хэдэн зурлагаар баяжуулна. Ингэхдээ алтлаг өнгөөр үндсэн зураасаас салаалсан навч зурах ба салаалж буй хэсэгт нь шар өнгөөр 3 навч зурна. Бусад хэсэгт нь ногоон өнгөөр 6 навч зурна.

Тогосны дүрсийг харандаагаар гаргана. Ингэхдээ талбайнхаа дунджийг олохыг хичээгээрэй. Толгой болон хүзүү хэсгийг хөх өнгөөр хийхээр зорилоо. Хошуу болон залааны хэсэгт алтлаг өнгө оруулсан.

Нурууны хэсэг нь олон тооны жижиг татлаган зурааснаас бүтэх ба голд нь алтлаг өнгийн цэг тавихад зураг илүү тодорч өгдөг.

Сүүлний өдийг хийхдээ эхлээд цэнхэр өнгөөр том цэг тавиад навч хийдэг үндсэн татлагыг шар өнгийн будаг ашиглан жижиг бийрээр дараа нь хөх өнгийн будаг ашиглан том бийрээр зурна. Харин дараа нь дунд зэргийн бийрээр 2 талаар нь татаж өгөхөд өдний нүд бэлэн болно. Одоо нүд бүрийн доод талаас ногоон өнгөөр нарийн бийр ашиглан нарийн иштэй навч зурж байгаа юм шиг 5-7 удаа зураарай.

Олон удаа татаж үзэх бүрд таны урлал сайжирч та үүнээсээ урам авах болно. Ингээд танд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд