Хайр хүргэм бяцхан охидууд

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/28

Хэрэв та манай дэлгүүрээр үйлчүүлж байсан бол цэцэгний төмөр утсан иш, crepe fold цаас болон саатай гоёмсог утас зарж байгааг анзаарсан байх. Тэгвэл өнөөдрийн урлалаараа эдгээр бүтээгдэхүүнийг ашиглан ЦЭЦЭГ БИШ харин цэнхэр, шар, хар үстэй гоёмсог даашинзтай өхөөрдөм хөөрхөн ХҮҮХЭЛДЭЙ урласнаа сонирхуулъя.

  • Төмөр утсан иш (18 g)
  • Бөөрөнхий модон шүр
  • Саатай утас
  • Multi Surface акрилан будаг (өнгө: yellow gold, lipstick, pink cadillac, black tie )

Нугалж, бас орооход эх бие бэлэн болно

Модон шүрээ эхлээд цагаан өнгөөр будаад дараа нь алтлаг шаргал өнгөөр будлаа.

Төмөр ишээ дундуур нь нугална. 24 см-ийн урттайгаар утсаа давхарлан ороож үүнийгээ ишэн дундаа оруулна. Энэ маань хүүхэлдэйн үс болох болно.

Нугалсан ишэндээ модон шүрээ хийгээд дээш нь утас хүртэл явуулна. Дараа нь хоёр ишээ нэг удаа орооно. Нэг талын ишийг 3 см урттайгаар нугалж нөгөө иш дээгүүр давуулж доош нь нугална. Мөн нөгөө талын ишийг ч мөн адил хийснээр хүүхэлдэйн хоёр гар гараад ирлээ.

Хоёр ишийг ойролцоогоор 5-6 удаа эргүүлэн орооно. Ингээд хүүхэлдэйн эх бие бэлэн боллоо.

Зөвлөмж: Хэрэв хоёр хөл урт, богино байх юм бол таслагч бахь ашиглан тэнцүүлээрэй. Мөн гарыг нь хоёр талаас нь бахиараа хавчиж нарийхан болгоорой.

Халуун буун цавуугаар утсаа тогтоож байгаад эх биеээ ороогоорой. Ингэхдээ:  Эх биеэс – гарын үзүүр, буцаад гарын үзүүрээс – эх бие, эх биеэс – хөлийн үзүүр, хөлийн үзүүрээс – эх бие, хүзүү гээд орооно. Энэ үедээ утсаа бүү таслаарай. Төгсгөлд нь халуун цавуугаа бага зэрэг түрхээд төгсгөлийн утсаа тогтоогоорой.

Хүүхэлдэйгээ хувцаслая

Өөрт таалагдсан өнгийн утсаараа их бие хэсгийг ороосонтой адил орооно.

Өөрт байсан даавууны өөдөс, тютю зэргээр юбка хийлээ.  Cuttlebug цаас зүсэгч машин ашиглан долгионтой дугуй дүрс гаргаж байгаад даавуун дээрээ барьж хайчилна. Дугуй даавуугаа тютютэйгээ гурвалжилж нугалаад  халуун цавуугаар наахад ийм хөөрхөн ганган юбкатай боллоо.

Халуун буун цавуугаа толгойн арын хэсэгт бага зэрэг түрхэж үсээ нааж тогтооно.

Хүүхэлдэйндээ нүд, ам зурах хамгийн хэцүү байлаа. Шүдний чигчлүүр ашиглан зурсан шүү. Ямартай ч зурсаан. Ингээд дээрээс нь бэхжүүлэгч лак түрхээд бяцхан охин минь бэлэн боллоо.

Өөр хувцастай, өөр охидууд

Түрүүн хийсэн хүүхэлдэйдээ найзуудыг нь хийхээр шийдсэн. Эх биен дээр хийсэнтэй адил хийж харин үс, хувцасыг нь өөрөөр хийв. Цэцгийн дэлбээг хатуу цаасан дээр зурж хайчлаад Crepe fold цаасаараа дэлбээ хийнэ. Түүнийгээ Distress Ink тамганы өнгүүдээр уусган будав.

Дараа нь нэг талын үзүүрийг хуниас гарган наагаад хүүхэлдэйдээ наагаарай.

Өөр өнгийн цаасаар өнгө сөөлжлүүлэн нааж бас болно.

Ингээд өхөөрдөм хөөрхөн охид минь бэлэн боллоо.

Өнөөдрийн урлал үнэхээр хөгжилтэй, хөөрхөн, бас маш амархан байлаа. Та ч гэсэн дагаад урлаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд