Хайртай Хүмүүсийнхээ Зургийг Хаана ч Буулгаж Болно

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/05/03

Танд дурсгалтай гоё зургууд бишгүй л байдаг байх. Харин тэдгээр зургуудаар урлал хийж эдлэж хэрэглэдэг байвал ямар байх бол. Би энэ удаад хамт олонтойгоо авхуулсан нэгэн зургийг даавуун дээр буулгаж түүгээрээ бяцхан цүнх хийлээ. Ингээд хэрхэн хийснээ тайлбарлая.

Лазерын принтерээр жирийн 70-80гр жинтэй цаасан дээр зургаа урвуу харуулж хэвлэнэ.

Зургаа хайчилж, даавуугаа индүүдэж бэлдэнэ.

Зурагны наах хэмжээгээр цаасан скоч наана. Энэ нь илүүдэл мидиум даавуун дээгүүр илүү гарахаас нэг талаараа хамгаалж байгаа бөгөөд нөгөө талаараа хаана зураг наахыг тэмдэглэсэн тэмдэглэгээ болох юм.

Даавуун дээрээ Photo Transfer Medium-ийг өргөн бийрээр жигд зузаан тарааж түрхэнэ.

Зургандаа мөн адил мидиум түрхээд даавуун дээрээ наана

Хуурай өрөөнд дор хаяж 24 цаг хатаасны дараа цаасаа хуулж авна. Ингэхдээ усанд порлон дүрээд бага зэрэг норгоно.

Хурууны үзүүрээр чийгтэй цаасыг зөөлөн үрж авна. Бүх цаасыг энэ аргаар авсны дараа Decoupage Fabric Medium-аар хамгаалах гадаргуу үүсгээрэй.

Зураг буусан даавууныхаа ар дээр даавуун наалт тавьж индүүдэнэ. Би ар өвөр 2 талыг хоёулаа зурагтай байхаар бодож 2 зураг буулгасан байгаа.

Оёх хэмжээгээ үлдээгээд зургаа тойруулан хайчилж авна.

Цүнхнийхээ ар өвөр 2-ыг холбох хэсгийг хийхдээ 2 хэсэг нарийн даавуу бэлдэж ар талд нь наалт наана.

Бэлдсэн 2 даавууны нэгийг дундуур нь хайчилж цахилгаан хадна.

Цахилгаан хадсан болон хадаагүй 2 хэсгийг хооронд нь нийлүүлж оёно.

Ар өвөр талыг нь дунд хэсэгтэйгээ нийлүүлж оёно.

Оёсон цүнхнийхээ зургийг тойруулан оёдлоо дарж оёно.

Цүнхэндээ өөрийн хүссэн урттай бариул хийгээрэй.

Ингээд л та хүссэн зүйлээ хийх бяцхан цүнхтэй боллоо. Ер нь фото зургийг ямар ч гадаргуу дээр буулгаж болох бөгөөд хар бараан даавуун дээр буулгахад санаа зовох шаардлагагүй зөвхөн зөв буулгагчаа сонгоход л хангалттай байдаг. Ингээд таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд