Халбагаа Хэрхэн Чимэглэх Вэ?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/11

Айл гэрийн зүрх бол галын өрөө билээ. Та сандал ширээ, сав суулга, аяга тавгаараа гал тогооны өрөөгөө чимсэн байж болох юм. Харин халбага сэрээгээ яасан бэ? Хэрэв та халбага сэрээгээ орхигдуулсан бол үүн дээр хэрхэн бүтээлчээр тоглож болохыг танд сонирхуулая.

Би Gloss Enamels шилний будаг ашиглалаа. Gloss Enamels будгаар будсан зүйлийг шарах шүүгээнд /духовка/ жигнэвэл угаахад арилахгүй болдог. Opaque буюу гэрэл нэвтэлдэггүй алтлаг, хар, цагаан, цэнхэр, ногоон зэрэг өнгүүдийг сонгов.

Хэрхэн будах вэ?

Бүх халбаганыхаа ишийг суурь болох ногоон, хар, цэнхэр өнгүүдээр тус тус 2 давхарлан порлондож будсан. Дараа нь нарийн бийрээрээ өөрийн хүссэн хээгээ нямбайлан зурлаа.

Цэнхэр өнгөөр будсан халбаган дээр алтлаг өнгөөр маш энгийн хээ зурсан. Хар өнгийн дэвсгэр дээр мөн л цагаан, шар 2 өнгөөр жижиг цэгүүд тавилаа. Харин ногоон өнгийн халбаган дээрээ шүдний чиглүүрээр цэцэгний дэлбээнүүдээ тавьж, хараар цэцэгнийхээ голд цэг тавив.

Ингээд л болоо. Чимсэн халбагаа 4 өдрийн дараа шарах шүүгээнд жигнэж угаахад арилахгүй болгохоо бүү мартаарай. Таны чимсэн халбага сэрээ галын өрөөнд тань өнгө үзэмж нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Та туршаад үзээрэй!

Зөвлөмж: Хэрэв та урлаж байхдаа алдаа гаргавал бүү санаа зовоорой. Би ногоон дээр цэцгээ зурж байтал цагаан дэлбээ маань хэтэрхий том гарсан. Харин суурь будсан ногоон өнгөөр алдсан хэсэг дээр давхарлаж будаад л алдаагаа нуусан шүү.

САНАМЖ: Будсан хэсэгт хоол хүнсний зүйл хүргэхгүй байвал сайн шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд