Ханхүүдээ Барих Бэлэг 3

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/15

Энхрий хайртай үрийнхээ бяцхан булбарай хацар, гар, хөл бүхий л зүйлсийг нь үнсээд үнсээд ханамгүй, үнэрлээд хайрлаад ханашгүй байна уу? Тийм хөөрхөн булцгар бондгор бүхнийг нь зураг болгон буулгаад хадгалаарай.

Шинэ санаа та бүхэндээ өгөхөөр энэ удаагийнхаа альбом хуудсыг акрилан будгаар чимлээ. Та өөрийн хүссэн суурь өнгөө акрилан будгаар будаж бас будгаа хооронд нь хольж шинэ өнгө үүсгэн будаж болно.

Энэхүү хуудас маань дангаараа жаазлаад тавьсан ч төгс бүтээл болж чадна. Эсвэл та зотон даавуу, модон хавтан дээр ч энэ бүтээлээ хийж болно шүү.

Акрилан будгаа (Sea breeze) бийр ашиглан хөндлөн чиглэлтэйгээр будна. Та төгс будах шаардлагагүй, энэ тэнд нь цагаан зай үлдээж будсан ч цаанаасаа гоёмсог техник үүсэхээр будаж болно.

Хатсаны дараа нь (Baby blue) өнгөөр зарим хэсэгт давхарлан будаж өглөө. Ингээд таны бүтээл ногоон суурьтай хөх, цагаан судалтай боллоо.

Versamark үзгийг өмнөх урлалууд дээрээ ашиглаж байсныг та бүгд санаж байгаа байх. Энэ удаа Versamark тамганы өнгийг ашиглан тамгалсан дүрс дээрээ нунтаг боронзыг (Festive green) нарийн үзүүртэй бийрээр нямбай түрхэж өгөөрэй.

Versamark тамганы өнгө маань тунгалаг бөгөөд цавуулаг учраас нунтаг боронз маань цавуулаг гадаргуун дээр тогтож үлдэж байгаа юм. Илүүдэл нунтгийг сагсгар хуурай бийрээр гөвж цэвэрлээрэй.

Бас ‘миний бяцхан ханхүү’ буюу ‘My Little Prince’ гэсэн үгийг суурь өнгөтэйгөө хослуулж хар суурьтай ногоон боронзон үсэгтэйгээр хийлээ. Үсгээ цагаан, арын фоныг нь хараар хэвлэж гаргаад, үсгэн дээрээ Versamark үзгээр дагуулан зураад ногоон өнгийн нунтаг боронзоо түрхэнэ. Тус тусад нь хайчлаад наана.

Түүнчлэн зураг тус бүрийн ард илүү хүрээ болж харагдахуйцаар хар цаас нааж өгнө. Ингээд хамгийн сүүлд нь зурагнуудаа 2 талтай скочоор нааж өгөөрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд