Лонхыг Урлаг Болгоцгооё!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/15

Өдөр бүр дэлхий дээр хэр их лонх, варений шил хаягддаг бол? Гэтэл шил байгальд уусахдаа хэдэн зуун жил зарцуулдаг гэхээр бидний амьдарч буй байгаль орчин хэр их бохирдож байгааг төсөөлөхөд бэрх юм.

Гэхдээ бид өөрсдийн хийж чадах зүйлсээр энэхүү сөрөг үзэгдэлтэй тэмцэж чадна! Үр дүн нь жижиг байж болох ч өөрөөсөө хамааралтай өчүүхэн зүйлсээ ч тууштай хийж үүнтэй тэмцэнэ гэдэг сайн зүйл биш гэж үү? Энэ бол өдөр бүр мянга мянгаараа хаягддаг жирийн нэг пийжүүний шил. Харин үүн дээр өөрийн хамгийн их урам зориг, баяр хөөр авдаг Урлал гэгч зүйлээ хийнгээ хаягдлыг нэг ч гэсэн тоогоор цөөлөхийг хүслээ! Та ч бас надтай нэгдээрэй!

Пийжүү эсвэл пивоны лонхоо сайтар угааж, жессодож хатаана. Дараа нь цагаан өнгийн Americana акрилан будгаар 2 удаа давхарлаарай.

Цоолбороо лонхон дээрээ тогтоож бариад товойлгодог зуурмагаа түрхэнэ. Надад энэ гарсан эффект үнэхээр таалагдсан. Харин шилнийхээ эргэн тойронд түрхэхдээ бага зэрэг овгор товгор болсон ч Холимог техникт бүх зүйл төгс сайхан байх албагүй шүү дээ гэж бодоод энэ чигээр нь хатаалаа. Харин лонхны дээд хэсэгт түрхсэн зуурмагаа бага зэрэг шилэндээ уусгаж тэгшлэв.

Үүнийгээ Baby Pink өнгөөр дээд хэсгийг нь устай шингэлж түрхсэн ба доод хэсгийг нь тод ягаан болгохыг хүссэн тул razzle berry болон berry өнгийн акрилан будгаар будав.

Санамж: Будгаа устай шингэлэх нь будгийг бүдэг болгодог. Хэрэв та тод өнгөөр будахыг хүсвэл шингэлэхгүй будаарай. Шингэлсэн болоод ч тэрүү будаг маш бага хэрэглэгдсэн шүү. Би будгийг зааг гараагүй ууссан харагдуулахын тулд бийрээр шингэлсэн будаг түрхээд лонхоо шууд дээшээ эсвэл доошоо харуулж урсгасан.

Дараа нь Cuttlebug машинаараа эрвээхэй, түлхүүр болон зүрхний дүрстэй зүсэгч хэвээр цаас зүсч гаргалаа. Биетэй болгохын тулд 4-5 ширхэгийг давхарлаж Tacky Glue цавуугаар наасан шүү. Мөн Жүли надад өөрт байсан том цаасан цэцгүүдийг авчирч өгөв. Юутай сайхан?

Одоо харин цэцэг, эрвээхэйгээ Tacky Glue цавуугаар наацгаая. Та яаж харагдуулахыг хүснэ, тэр газраа байрлуулж наагаарай.

Цэцгээ будацгаая. Будгаа усанд холих нь будгийг бүдгэрүүлж өгнө. Ингээд цэцгэн дээрээ түрхээд хатаана. Maya Gold будгийн саа цэцгүүдэд маань ямар гоё үзэмж нэмсэн гээч?

Ингээд будаад боллоо. Жижиг цэцгээ улбар шар өнгөөр будсан нь ягаан өнгөтэй зохицохгүй байсан тул салгаж авсан. Энэ нь ч дээр харагдав.

Одоо зүсч гаргасан зүрх, түлхүүрээ байрлуулъя. Цаасны цагаан өнгөөр нь байлгахыг хүслээ. Зүрхээ цэцэгнийхээ голд наана.

Түлхүүрийг эрвээхэйн далавчинд утсаар холбож тогтооё. Арай том эрвээхэй нь манай түлхүүрийг үүрч явж байгаа болог.

Ингээд урлал маань дууслаа.

Ийм зугаатай зүйл хийнгээ хаягдлыг хамтдаа багасгацгаая! Та санаа авч, надтай нэгдээрэй!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд