Миний Гэр Бүлийн Аз Жаргал

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/05/17

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, баяр баясал, эх орны ирээдүй билээ. Та сайхан үрсийнхээ бяцхан гарын хэвийг хадгалж үлдэхийг хүсдэг биздээ?  Энэ удаад та бүхэндээ тамганы техник ашиглан гэр бүлийнхээ гарын хэвийг урлаж ханын чимэглэл хийхээр шийдлээ. Та аав, ээж, охины гар өөр өөр өнгөтэй хэрнээ ээж охины гар адилхан хээтэй байгааг гайхаж байна уу? Тэгвэл наашаа тухлан сууж тамганы нууцтай танилцаарай.

Ингээд урлалаа эхэлцгээе.

Хамгийн түрүүнд бидэнд манай гэр бүлийн гишүүдийн гарын хэв хэрэгтэй. Бичгийн цаасан дээр хүн тус бүрийн гарыг зурж авна. Аавын гарын хэвийг эхэлж зурж аваад дараа нь ээжийн гарын хэвийг зурахдаа аавын гарын хэвний дотор талаар хуруунууд байхаар зурахаа бүү мартаарай. Зурж авсан гарын хэвний дагуу цаасны хутгаар цэвэр зүсэж авна. Ингээд бүтээлийнхээ арын фоноо будаж эхлэе. Будахдаа аавын гарын хэвийг цаасныхаа голд Herma цавуугаар тогтооно. Би бүтээлээ тод шар өнгийн фонтой байлгахыг хүссэн тул Distress тамганы өнгийн Squeezed lemonade өнгийг ашиглалаа.

Зөвлөмж: Herma цавуу маань цаасан дээр сайн наалдах хэдий ч буцаагаад хуулахад суурийг гэмтээхгүйгээс гадна үлдэгдэл цавууг үрээд арилгахад л хангалттай шүү. Тиймээс энэ цавууг миний ашиглаж буй тамганы техникт хамгийн тохиромжтой юм.

Дараа нь аавын гарын хэвийг будна. Энэ удаад аавын гарын хэвийг зүсэж аваад үлдсэн цаасыг цоолбор болгон ашиглаж дотор талыг будна. Гэхдээ ээжийн гарын хэвийг дотор талд нь халхалж Herma цавууг ашиглан наана шүү. Ээж охин хоёрын гарын хэвэн дээр тамганы техник ашиглах учраас цагаанаар үлдээх шаардлагатай. Будахдаа Distress цэнхэр тамганы өнгөөр порлон ашиглан жигд будна.

Аавын гарын хэв бэлэн болсны дараа ээжийн гарын хэвнээс үлдсэн цаасыг цоолбор болгон ашиглаж наана. Энэ удаад будахгүй харин нарийн зураасан хээтэй тамгаар тамгална. Тамгалахдаа Distress улаан тамганы өнгийг ашиглан тамгална. Тамган дээрээ тамганы өнгөө олон удаа товшиж жигд түрхэж гадаргуу дээрээ тамгалаарай.

Одоо тамганы гол техникээ хийцгээе. Хээтэй тамгаар тамгалсны дараа охины гарын хэвийг зүсэж авснаас үлдсэн цаасыг цоолбор болгон ээжийн гарын хэв дээр Herma цавуугаар наана. Одоо Versa mark тамганы өнгөөр охины гарыг тэр чигт нь будна. Versa mark тамганы өнгө нь өнгөгүй бага зэрэг наалдамхай чанартай байдаг. Бүтээлийнхээ доор цэвэрхэн бичгийн цаас тавиад товойлгодог нунтгаа асгана. Дараа нь цэвэрхэн цаасан дээрээ товойлгодог нунтгаа унагахад Versa mark дээр нунтаг тогтож үлдэгдэл нь бичгийн цаасан дээр унана. Үлдэгдэлийг саванд буцаан хийж дахин ашиглах боломжтой. Дараа нь халуунаар төөнөгч багажаар халаахад нунтаг маань хайлж өнгөгүй гялгар болж хатна.

Дараа нь ээжийн гарыг ягаан Distress тамганы өнгөөр будна. Будахдаа ээжийн гарын хэвийг дахин цоолбор болгон ашиглаж аавын гарт будаг хүрэхээс хамгаална. Хамгийн сүүлд охины гарын хэвэн дээрхи ягаан будгийг нойтон салфеткаар болгоомжтой арчина. Та ээжийн гар улаан хээтэй ягаан боловч охины гар адил хээтэй цагаан байгааг харж байгаа байх.

Ингээд та бас нэг тамганы техникийг сурж авлаа. Та ч бас гэртээ гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлж, бяцхан үрсийнхээ эгдүүтэй гарын хэвийг мөнхлөөрэй. Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд