Миний Мөрөөдлийн Байшин

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/27

Хашаагаар минь дүүрэн гоёлын цэцэгс алаглаад, төрөл бүрийн жимсний мод ургасан, хүүхдүүд чөлөөтэй эрхлэн тоглох талбайтай, том биш боловч үзэмж сайтай хөөрхөн байшинтай, гол нь байшингын ханаар үзэсгэлэнт цэцэгс сүлжилдэн ургасан байх нь миний мөрөөдөл. Энэ удаа би мөрөөдлөө урлалаа.

Байшин хэлбэртэй хавтангаар  ханын чимэглэл хийлээ. Өлгүүр нэмж наагаад хүссэн газартаа өлгөн түлхүүр болон бусад жижиг зүйлсээ өлгөөд ашиглах боломжтой юм.

Хавтан дээрээ цоолбороо тавин урлалын шпател буюу palette knife ашиглан зуурмагаа түрхэж хатаана.

АНХААРУУЛГА: Цоолбороо хөдөлгөөнгүй байлгах үүднээс скотчоор наах хэрэгтэй. Цоолбороо болгоомжтой аваад зуурмагаа гүйцэд хаттал нь 4-12 цаг хүлээгээрэй.

Хавтан дээрээ бараан өнгийн акрилан будгаар суурь тавьж будна.

Будгаа хатсаны дараа лаагаар зурж өгнө. Энэ арга нь зүлгүүрдэхэд будаг хялбархан арилах боломжтой болгож байгаа юм.

Цайвар өнгийн акрилан будгаараа будаад,  хатсаны дараа зүлгүүрдэнэ. Энэ аргачлалыг хуучирсан мэт эффект үүсгэхэд ашигладаг.

Ингээд сонгож авсан сальфетканаасаа хэрэглэх зургаа аваад хавтан дээрээ байрлуулж наана.

Суурь тавьсан бараан өнгийн будгаар байшингийн чулууны дүрс гарган зураад, ногоон болон ягаан өнгийн акрилан будгаар цэцэг, ногоог үргэлжлүүлэн зурсан.

Акрилан лакаар 3 давхарлан лакдаад зайрмагны ишээ будаж хашаа хэлбэртэй наана. Хамгийн сүүлд слайдан дээр эрвээхэйн дүрс нааж хайчлаад хашаан дээр наана.

Ингээд та миний үзүүлсэн аргачлалыг урлал хийхдээ ашиглан сайхан бүтээл хийгээрэй. Танд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд