Миний Ном Сайхан Ном

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/27

Миний ном, сайхан ном, зурагтай ном, зугаатай ном… гээд л бид дуулдаг шүү дээ. Үнэхээр ном бол ертөнцийг харах цонх юм. Энэ удаагийн урлалаараа хүүхдэдээ зориулж ном хийхээр шийдлээ. Хорвоо дэлхийтэй танилцаж байгаа тэр бяцхан тархинд зориулж ном хийнэ гэхээс үнэхээр сэтгэл минь догдолж байна шүү. Ингээд миний үрдээ зориулж хийсэн ном хэрхэн бүтсэнийг хамтдаа харцгаая.

Номоо хийж эхэлцгээе.   

Хамгийн түрүүнд чимэглэх зориулалттай хатуу цаасан альбумынхаа бүх хуудсыг цагаан өнгийн (Warm white) акрилан будгаар будна. Цагаан өнгө бол бараан өнгөн дээр ч нэвт гэрэлтдэггүй бөгөөд акрилан будгийн зарим өнгө нэвт гэрэлтдэг учраас цагаанаар эхэлж будвал нэвт гэрэлтдэг өнгүүд тод болдог шүү. Мөн альбум маань цаасан учраас 2 талыг нь будаж байж альбумны хэлбэрийг алдагдуулахгүй. Би номоо нил ягаан өнгийн хавтастай хийхээр шийдлээ. Хүссэн нил ягаан өнгийг гаргахын тулд тод нил ягаан (Grape juice) өнгийг бага зэрэг цагаан (Warm white) өнгөтэй холиод цайвар нил ягаан өнгө үүсгээд номныхоо хавтсыг будлаа.

Номныхоо эхний хуудсан дээр өнгө харуулахыг хүслээ.  Тиймээс эхний нүүрийг 4 хуваагаад үндсэн өнгө цагаан (Warm white), шар (Cadmium yellow), цэнхэр (True blue), улаан (Tomato red) өнгөөр будаад дараагийн нүүрийг 4 хуваагаад ногоон (Holly green), ягаан (Vivid violet), нил ягаан (Grape juice), хар (Lamp black) өнгөөр будлаа. Дараа нь өнгүүдийг ялгаж харуулахын тулд хар (Lamp black) өнгөөр зааг гаргаж мөн ирмэгийг будна.

Зөвлөмж: Акрилан будгийг ашиглахдаа хэдийгээр та цоолбор ашигласан ч бай, зурсан ч бай хамаагүй нимгэн бөгөөд 2-3 давхарлан будвал жигд сайхан болохоос гадна будалт дундаа нарийн зүлгүүрээр хөнгөн зүлгүүрдэхээ битгий мартаарай.

Олон өнгөөр будаад л орхивол хүүхдэд сонирхолгүй тул өнгө тус бүрийг илтгэсэн эд зүйлс хийхээр шийдлээ. Цагаан өнгөн дээр цас хийнэ. Цасны дүрсийг хэвлэж гаргаад цаасны хутгаар зүсэж аваад цоолбор болгож ашиглана. Цоолбор дээрээ товойлгодог зуурмагийг урлалын шпателаар жигд түрхэж хатаана. Цасан ширхэг маань товойж суурь цагаан өнгөөс ялгарч харагдаж байна. Цас их гоё гялалздаг учраас дээрээс нь өнгөгүй саатай цавуу түрхлээ. Цагаан өнгөө дүүргэхийн тулд саатай цаавуугаар энд тэнд цэглэж дээд буланд жижиг цасан ширхэг хийнэ. Шар өнгийг нар илтгэх учраас саатай цаасаар нар хийнэ. Саатай цаасаа дугуй хэвээр зүснэ. Нарны цацрагийг хийхдээ цаасаа тэгш өнцөгт хэлбэрээр урт богино хайчлаад наагаад л бэлэн боллоо.

Цэнхэр өнгийн юу байж болох вэ гэж бодсоны эцэст манай охинд олон цэнхэр бөмбөг байдгийг саналаа. Бөмбөгөө хийхдээ мөн товойлгодог зуурмаг ашиглан товойлгоно. Дугуй дүрсийг товойлгохдоо цоолбор ашиглана. Товойлгодог зуурмагаа хатаж байх хооронд улаан өнгөн дээрээ цэцэг хийхээр шийдэж мөн цоолбор товойлгодог зуурмагаар цэцгээ хийнэ. Товойлгодог зуурмагууд хатсаны дараа Sharpie хар өнгийн балаар бөмбөгийн хүрээг тодруулж, хээг зурж, цэнхэр өнгөөр будна. Улаан өнгөөр товойлгосон цэцгээ будаад ялгаж харагдуулахын тулд улаан саатай цавуу түрхэнэ. Ишийг харин ногоон өнгийн саатай цавуугаар тодруулна.

Одоо 2 дахь нүүрлүүгээ оръё. Ногоон өнгөтэй зүйл гэвэл мэдээж мод. Модоо хийхдээ саатай цаасаа дугуй дүрсээр зүсээд дундуур нь нугалж хооронд нь наана. Тэгээд зурагт харуулсны дагуу зиг загаар нугална. Ингээд л хөөрхөн гацууртай боллоо. Шингэн сувдаар модны ирмэгийг чимэглэнэ.

Ягаан өнгийн юу байж болох вэ гэсэн асуулт дахиад л гарч ирлээ. Манай охин бээлийг маш сайн хэлдэг учраас ягаан өнгийн даавуу байснаар нь бээлий хийлээ. Бээлийний хэлбэрээр даавуугаа хайчлаад 2, 2оор нь үзүүрийг наагаад хатсаны дараа дотрыг нь гадагш эргүүлээд бээлийний дотор талд жижиг даавуу чихнэ. Бээлийгээ даавууны цавуу ашиглаж оёхгүйгээр маш амархан хийчихлээ. Тэгээд цаасан номон дээрээ наана. Дараа нь цагаан өнгийн товойлгодог зуурмаг болон шингэн сувдаар бээлийгээ чимээд бэлэн боллоо.

Нил ягаан өнгөн дээр нэрсний бялуу хийхээр боллоо. Expand it хөөлгөгчийг халуунаар төөнөгч багажаар халааж хөөлгөөд бялууны хэлбэр гаргана. Дараа нь цайвар нил ягаан өнгөөр будаад Candy-гээр чимэглэнэ. Candy-г цэгэн цавуугаар наагаарай.

Харин хар өнгөөр машин хийлээ. Манай охин машины хоббитой л доо. Машин хийх бол маш амархан цаасан хайрцагны цаасан дээр машин зураад хайчилж аваад будаад боллоо. Ингээд эхний хуудас маань дууслаа.

Одоо дараагийн хуудас руугаа орцгооё. Дараагийн хуудас маань дүрсийг таниулах зорилготой байлаа. Хуудасныхаа өнгийг өмнө нь ашиглаагүй цайвар цэнхэр (Salem blue), цайвар ягаан (Baby pink) өнгөөр хийхээр шийдлээ. Нэг нүүрээ гурвалжилж 2 хуваагаад 2 дүрс оруулахаар болсон. Мөн хар өнгөөр зааг ирмэгийг будна. Би дүрснүүдээ маш хялбархан хийсэн. Танд хээтэй цаас, хар цаас байхад л хангалттай. Хар цаасаар дөрвөлжин, дугуй, гурвалжин, тэгш өнцөгт дүрснүүд зүсч авна. Хээтэй цаасыг хар өнгийн цаасны хэмжээнээс 0,5см багаар дүрснүүдээ зүснэ. Хар өнгийн цаас маань дүрсийг ялгарч харагдахад тусална. Дараа нь хөдөлдөг нүд дүрсэн дээрээ нааж, ам зураад хүүхдийн сонирхлыг татахуйц болгоод энэ хуудас маань дууслаа.

Дараагийн хуудсаа хүүхдээ тоолж сурахад туслахаар зохиомжиллоо. Дүрсний нэр болон тоог Curio машин дээр хуулган цаасан дээр зүсүүлж авсан бөгөөд дүрсний нэрээ Distress тамганы өнгөөр будаад дүрсээ нэрлэж наана. Тооны хуудсаа мөн л өмнөх хуудсууд дээр ашиглаагүй цайвар шар (Pineapple), улбар шар (Bright orange) өнгүүдийг ашиглалаа. Нүүрээ эхлээд нилэнхийд нь будаад Sharpie балаар 4 хуваана. Дараа нь зузаан цагаан цаасыг долгионтой дугуй зүсээд улбар шараар будаад нүүрний голд наана. Мөн л Sharpie балаар хүрээг тойруулан зурж тодруулна. Тэгээд машинаар зүсүүлсэн тоонуудаа Sharpie маркераар будаад наалаа. Манайд зарагддаггүй ч та ямар ч бичиг хэргийн дэлгүүрээс авах боломжтой олон дүрстэй хуулгуудуудыг тоогоор нь наана. Жишээ нь: нэг муур, 2 эрвээхий гэх мэт.

Хамгийн сүүлийн хуудас дээрээ 4 улирал болон цаг хийлээ. Нүүрээ цайвар бор (Burlap) өнгөөр будна. Эхний нүүрэн дээр 4 улирал хийх учраас зузаан хар цаасаар 4 ширхэг квадрат зүсч аваад наана. Ирмэгийг мөн л хараар будна. 4 улирлыг дүрслэхдээ модны мөчир дээр ногоон навчтай зун, ягаан цэцэгтэй хавар, цастай өвөл, шарласан навчтай намрыг хийлээ. Навч болон цэцгээ хийхдээ цагаан цаасыг distress ink тамганы өнгөөр будаад, цоологч багажаар дүрсээ гаргаж аваад, хэлбэрт оруулаад, бороор (Espresso) зурсан мөчир дээрээ наана. Харин модон дээрх цасыг акрилан будгаар зурсан. Цас орж байгаа дүрслэлийг үзүүлэхийн тулд сойз цагаан будаг ашигласан бөгөөд цагаан Enamel accent-аар энд тэнд цэглэсэн байгаа. Харин цагийг хийхдээ цагны цоолбор болон товойлгогч зуурмаг ашиглана. Зуурмагаа хатсаны дараа улаан өнгөөр будлаа. Цаг маань ром тоотой байсан учраас өмнө нь заасан тоогоо давхар зурах ёстойг ойлголоо. Тоог хийхдээ өмнө нь тоог нь аваад ашиглаад үлдчихсэн байсан хуулгаа цоолбор болгон ашиглаж улаан өнгөөр будлаа. Дараа нь гэрт байсан эвдэрсэн цагныхаа зүүг нь номондоо ашиглачихлаа.

Би хамгийн сүүлд номныхоо хавтасыг хийсэн. Учир нь би хавтсандаа энэ номон дотор юу байгааг харуулахыг хүссэн юм. Хамгийн түрүүнд товойлгодог зуурмаг болон цоолбороор 2 цэцэг, 1 дугуй дүрс хийлээ. Дугуй дүрсээ яг номон доторхи шигээ бөмбөг болгоод цэцгээ харин улаан өнгийг ягаантай хослуулан будсан. Дан улаан цэцэг байвал сонирхолгүй шүү дээ. Зузаан цаасыг 3 давхар байхаар “Миний ном” гэж Curio машинаар зүсүүлээд хар өнгөөр будаж наана. Тэгээд дөрвөлжин дүрсийг хийнэ. Дараа нь үүл зураад товгор өнгөгүй хатдаг шингэн шил ашиглан бороо хийнэ. Энэ нь улирал байгааг харуулж байна. Дараа нь номныхоо хуудсуудыг нэрлэж бичнэ. Хамгийн сүүлд миний ном гэсэн бичгээ хар саатай цавуугаар гялалзуулаад ном маань бэлэн боллоо.

Таны хүүхдийн ном ямар ч байж болно. Та хүүхдийнхээ сонирхолд нийцүүлж бяцхан ном хийж өгч болно шүү. Миний охин машинд дуртай, хэлд орохдоо бээлий гэдэг үгийг сайн хэлдэг байсан учраас би эдгээр зүйлсийг номондоо оруулахыг хүссэн. Ингээд та хайртай үрсдээ хорвоотой танилцахад нь туслах, сэтгэл шингэсэн номоо бэлэглэх л үлдлээ. Таны урлалд амжилт хүсье.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд