Нэг Дизайн, Олон Техник

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/17

Та бүхэндээ нэг дизайнтай картыг өөр өөр техник ашиглаж хийснээ танилцуулъя.

Эдгээр картыг нэг тамгаар хийсэн. Харин тамгаласан арга нь өөр өөр юм.

Хамгийн эхний картанд тамга, хар тамганы өнгө ашигласан. Тамгаа шилэн блокон дээр байрлуулна. Тамганы өнгөө тамган дээрээсээ товшиж түрхэнэ. Тэгээд цаасан дээрээ тамгална.

Дараа нь өөр зузаан цаасан дээр дахин хараар тамгална. Эрвээхэйг хайчилж авна. Эрвээхэйг бодит харагдуулахын тулд хайчилж авсан эрвээхэйний голд цавуу түрхээд картан дээрээ наана. Дараа нь саатай цавуугаар чимэг оруулаад карт бэлэн боллоо.

Та өөр өөр өнгийн тамганы өнгө ашиглаад энэхүү картыг хийх боломжтой. Миний хувьд цэнхэр ногоон өнгийг хослуулж үзлээ. Та өөр өнгөөр туршаад үзсэн ч болно шүү. Картны эх бие дээр 2 өнгөөр тамгалахдаа эхлээд өөр цаасан дээр тамгалаад эрвээхэйг хайчилж авна. Дараа нь картны эх бие дээр хайчилж авсан эрвээхэйг Herma туузан цавуугаар наана. Энэ цавуу нь буцаагаад хуулахад цаасыг муухай болгохгүй. Дараа нь тамган дээрээ тамганы өнгөө түрхээд эхвээхэй наасан хэсэгт тамганы эрвээхэйг тааруулж тамгална. Эхэнд хайчилж наасан эрвээхэй халхавч болж өгнө. Дараа нь тамганы эрвээхэй дээр өөр өнгийн тамганы өнгөө түрхээд тамгална. Тамгалхаас өмнө тамгаа сайн цэвэрлэх хэрэгтэй шүү.

Дараагийн техник маань товойлгогч нунтгийг ашигласан. Эхлээд картан дээрээ хар тамганы өнгөөр тамгалаад дараа нь өөр зузаан цаасан дээр Versa Mark өнгөгүй тамганы өнгөөр тамгалаад товойлгогч нунтагаа асгана. Илүү нунтагийг саванд буцааж хийгээд дахин ашиглах боломжтой. Товойлгогч нунтгаа халуунаар төөнөдөг багажаар халаагаад хайлуулна. Эрвээхэйг хайчилж аваад картан дээр наана.

Та өнгөний зохицлыг хүссэнээрээ хийх боломжтой. Та алтлаг товойлгогч нунтгийг хар цаасан дээр туршаад үзээрэй. Яг энэ карт шиг болно. Өөр бусад өнгөөр туршаад үзсэн ч болно.

Дараагийн картыг би пергаментан цаастай хослуулж хийсэн. Энэ цаасаар мэндчилгээний карт хийхэд онцгой, өвөрмөц харагддаг. Пергаментан цаасны олон техник байдаг. Энэ картыг хийхдээ эхлээд мөнгөлөг товойлгогч нунтгаар товойлгоод эрвээхийг пергаментан цаасаар хийсэн. Пергаментан цаасаа зүүтэй багажаар нэг бүрчлэн цоолоод хайчилж аваад наасан.

Хамгийн сүүлийн танилцуулах техник маш сонирхолтой шүү. Эхлээд гөлгөр цагаан цаасан дээр цагаан товойлгогч нунтгаар товойлгоно. Дараа нь Distress Ink тамганы өнгөөр цаасан дээрээ будна. Дараа нь хуурай салфеткаар арчиж өнгийг жигд болгохоос гадна цагаанаар товойлгосон зурган дээрхи өнгөө цэвэрлэнэ. Эрвээхэйг хийхдээ эхлээд өөр цаасан дээр Versa Mark тамганы өнгөөр тамгалана. Perfect Pearl нунтагаар эрвээхэйний өнгийг гаргасан байгаа. Энэ нунтгийг хуурай бийрээр түрхээд л та эрвээхэйгээ хүссэн өнгөтэй болгож болно.

Ямар техник хэрэглсэнээс чинь хамаараад таны хийсэн карт өөр өнгө төрхийг харуулах болно шүү. Карт хийж байхдаа та ямар техникийг юутай хослуулах вэ гэдгээ сайтар бодоод өөрийн картаа яг хүссэнээрээ урлаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд