Нэг Тамганы Сет, Нилээд Өөр Картууд 2

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/28

Бид та бүхэнд нэг тамганы сетийг хэрхэн бүтээлчээр ашиглаж дахин давтагдашгүй өөр өөр урлал хийж болох санааг хүргэж байгаа билээ. Танд өмнөх нийтлэл хэр таалагдсан бэ? Хэрэв таалагдсан бол энэ удаагийн картны санаа танд бүр ч илүү таалагдах байх. Яагаад гэвэл доорх картууд маань бүгд маш содон бүтээлч аргаар бүтсэн картууд юм.

Бидний ашигласан тамганы сет бол энэхүү ‘Doodle A Flower’ гэсэн нэртэй тамганы сет юм. Цуврал нийтлэлийнхээ өмнөх дугаарт бид танд энэхүү тамганы сетээр хэрхэн хоёр өөр аргаар цэцэг тамгалж карт хийх талаар танилцуулсан билээ.

До, Ре, Ми Карт

Уг картыг манай ажилтан Оогий урласан юм. Энд ердөө нэгхэн тамга ашигласан гэвэл та итгэх үү? Навчны хэлбэртэй битүү тамган дээр хар тамганы өнгөө түрхээд, үүн дээрээ шүдний чигчлүүрээр хөгжмийн нот зураад тамгална. Энэ аргаар олон дахин тамгалаад олон янзын хөгжмийн ноттой фоноо бүтээнэ. Үүн дээрээ эсгийгээр бантик зангидаж наагаад карт бэлэн болов.

Хайрцагнаас гарч сэтгэе!

Хайрцагнаас гарч сэтгэцгээе! Ундрах маань энэхүү цэцэгний тамганы сетийг тэс өөр өнцгөөс харж, амьтны хөлийн мөртэй карт урласан юм. Яг ямар амьтны хөлийн мөр болохыг нь би мэдэхгүй байна л даа, гэхдээ хөлийн мөрөө 3D болгосон нь надад бүр ч янзтай санагдлаа. Харин фонын хувьд Distress Ink тамганы өнгөний улбар шар, шар өнгүүдийг уусгаж будсан байна. Цэцэгний иш маань энэхүү картан дээр ямар сайхан модлог ургамал болсныг та харж байгаа байх.

Танд дээрх картууд таалагдсан уу? Тэгвэл удахгүй тавигдах тамганы сет ашиглах сүүлчийн нийтлэл танд бүр ч илүү таалагдах болно. Харин танд ямар ямар урлалын тамга байна вэ? Одоо тамгуудаа ухаж гаргаад, дахин давтагдашгүй урлал хийвэл ямар вэ? Урлалынхаа зургийг бидэнтэй хуваалцахаа та бүү мартаарай!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал