Нэг Зүрх Нижгээд Техник

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/12

Сайн уу? Өнөөдрийн урлалын булангаараа манай дэлгүүрт шинээр ирсэн Media plate болон будаг түрхэгч өнхрүүшүүдийг хэрхэн ашиглах талаар танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Үүнийг ашиглах техник нь ерөнхийдөө тамгалах техниктэй төстэй ба товойлгогч хавтас, цоолбортой хослуулан хэрэглэж өвөрмөц фон үүсгэж болдгоороо давуу талтай бүтээгдэхүүн юм. Дашрамд дурдахад энэхүү Media plate маань хэлбэр, хэмжээний хувьд олон сонголттой байгаа шүү.

За ингээд Media plate-тэйгээ дэлгэрэнгүй танилцъя

Цоолборын хээг тамганд

Stampeazee дээрээ зүрхэн хэлбэртэй media plate-аа тавиад 2 өөр өнгийн Memento тамганы өнгө түрхэнэ.

Өнхрүүш ашиглан тамганы өнгөө тараагаад дараа нь дурын цоолбор тавьж байгаад дахин өнхрүүшдээрэй.

Одоо цаасан дээрээ тамгална. Хээтэй зүрх гарлаа. Сонирхолтой биш гэж үү?

Зөвлөмж: Media plate-ээ цэвэрлэхдээ нойтон салфетка эсвэл савантай хүйтэн, бүлээн усаар болгоомжтой цэвэрлэнэ. Media plate дээр ямар нэг зураас ч юмуу сэв гаргахгүй байхыг хичээгээрэй. Зүраас, сэв гаргавал дараа дараагийн урлалыг чинь баллана шүү.

Товойлгогч хавтасны хээг бас ашиглаж болно шүү.

Зүрхэн дээрээ Distress Oxide тамганы өнгүүд түрхээд өнхрүүшээр тараана.

Товойлгогч хавтасныхаа хээг Media plate дээрээ дараарай.

Ингээд цаасан дээрээ зүрхээ тамгалахад нөгөө товойлгогч хавтасны хээ гарлаа.

Өөр товойлгогч хавтас ашиглан гаргасан зүрхнүүд таалагдаж байна уу?

Зөвлөмж: Хэрэв Distress Oxide тамганы өнгө ашигласан бол дээрээс нь декупажны медиум эсвэл бэхжүүлэгч лак бүү түрхээрэй. Учир нь Distress устай урвалд ордог гэдгийг санаарай.

Хүссэн цоолбороо бэлдээд тамгалаарай!

Цоолбор, товойлгогч хавтас байхгүй бол яах вэ? Санаа бүү зовоорой, хүссэн дүрсээ зузаавтар цаасан дээр зурж байгаад хайчилж аваад хэрэглэж болно. Би харин бэлэн зүсэгч хэв ашиглан гаргасан дүрсүүдээ ашиглав. Хийх дараалал нь дээрхтэй адил учир зургаар орууллаа.

Гарсан үр дүн нь таалагдлаа шүү.

За ингээд нэг зүрхээр нилээд олон төрлийн зүрх гаргаж авлаа.

Зүрхээр дүүрэн бяцхан ном

Эдгээр зүрхнүүдээ эмх цэгцтэй нэг дор байлгах үүднээс бяцхан ном хийгээд зүрхнүүдээ хайчилж наавал зүгээр санагдлаа. Бяцхан ном хийхэд танд ердөө ганц ширхэг А3 цаас (зузаавтар) байхад болно. Цаасаа 18 см х 9,5 см хэмжээтэйгээр 6 ширхэг болгон хуваагаад Media Plate-aa ашиглан Memento тамганы хэд хэдэн өнгө уусган цаасан дээрээ тамгаллаа.

Цаасаа дундуур нь нугалаад хооронд нь Херма цавуугаар наасан. Хэрэв Херма цавуу байхгүй бол 2 талтай скоч ашиглаж болно. Номын нурууг нийлүүлж байгаад 2 талтай скоч наагаад дээр нь 9,5 х 3 см-ийн хэмжээтэй даавуу наана.

Номныхоо нүүр болон арын хэсэг дээр 9 х 9,5 см хэмжээтэй 2 ширхэг цаасыг Media plate ашиглан өөрийн хүссэн фон гаргаж наасан. Харин нуруунд наасан даавуугаа Sosoft даавууны будгаар будлаа. Ердөө 2-хон дусал будаг орсон шүү. Дараа нь зүрхнүүдээ хайчилж аваад наав. Эцэст нь номын нүүр болон арыг декупажны мидиумаар лакдав.

Энэ удаа дандаа тамганы өнгө ашигласан бөгөөд цаашид акрилан будгаар туршилт хийж та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Урлал хийх дуртай, өөрийн гараар урилга, мэндчилгээний карт хийдэг хүнд энэхүү Media Plate заавал байх ёстой эд байна гэж бодлоо. Дараагийн урлалаараа энэхүү бүтээгдэхүүнийг ашиглан хийх санаа аль хэдийн толгойд тодроод ирлээ. Ингээд дараагийн урлалаараа уулзацгаая.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд