Өдөр Бүр Хайраа Мэдрүүл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/07

Таны хайрын хэл юу вэ? Та хайраа бусдад яаж илэрхийлдэг вэ? Эсвэл танд хэн нэгэн юу хийж өгөхөд та баярладаг вэ? Урмын үгс, цагийг хамт өнгөрөөх, хүрэх, халамжлах, бэлэг бэлэглэх гээд хайрын таван хэл байдаг гэдэг. Тэгвэл удахгүй тохиох Шинэ Жил эсвэл Христмасын баяраар хайртай дотны хүндээ нэгэн онцгой бэлэг бэлдвэл ямар вэ? Үүнийг Англиар Адвент Календарь гэдэг юм билээ.

Та үүгээр 12 сарыг дуустал өдөр бүр хайраа илэрхийлэх боломжтой. Гол утга учир нь хайртдаа 12 сарын 1-с эхлэн 24 эсвэл 30-г хүртэл шургуулга бүрт гэнэтийн бэлэг бэлдэх юм. Шургуулганд таны чин сэтгэлийн үг, амттан, дурсгалын зүйл бүр тухайн хүнээс хүсэх өөрийн тань хүсэлт ч байж болох юм. Ингээд Адвент Календариа хэрхэн хийх аргатай танилцацгаая!

Эх биеэ аргиллитан хавтангаар хийлээ. Та үүнийг 100 айлаас авах боломжтой. Тооцоолсны үндсэн дээр суурь хавтангаа 30х30см-н хэмжээтэй болгохоор шийдлээ.

Түүнчлэн би 1,5 см-н өргөнтэйгөөр ариллитаа уртхан зүсүүлсэн. Суурь хавтан дээрээ 1,5х29,5см-н хэмжээтэй аргиллитыг модны цавуугаар наана. Наахдаа Wood glue модны цавуу ашиглав. Дотор нь дөрвөлжин хайрцаг тавьж хэвийг нь хадгална.

Би 12 сарын 24-г хүртэл хийж байгаа тул нийт 24 тасалгаа хийхээр шийдсэн юм. Иймд 1,5 х 4,2см-н хэмжээтэй жижиг цонх хийх аргиллитууд бэлдлээ. Нийт 20ш-г цаасны хутгаар зүсч бэлдээрэй.

Зөвлөмж: Аргиллитыг цаасны хутгаар зүсэхдээ чанга даралгүй, зөөлнөөр зүсээрэй. Яараад чанга дарж зүсвэл далий зүсэгдэхийг анхаарна уу.

Жижиг цонхны аргиллитуудаа суурь хавтан дээрээ 4 см-н зайтай наана. Дараа нь 24,8см-н урттай аргиллит нааж дөрвөлжин цонх бэлэн боллоо.

Энэ мэтчилэн модоо наасаар эх бие маань бэлэн болсон тул цагаан акрилан будгаар будлаа. Би 2-3 давхарлаж эх бие, тасалгаа бүрийг будсан.

Одоо харин Multi-Surface будгийн Green Berret өнгөөр бүх хэсгийг будав.

 Шургуулгаа хийцгээе!

Шургуулгуудад маань бэлгүүд орох тул онцгой болгохыг хүсэв. Эхлээд шургуулгынхаа хэмжээг авч шахмал цаасаа Curio зүсдэг машинаар зүслээ. Deep-cut blade буюу Curio машины зузаан зүйл зүсдэг хутга ашиглав.

Зөвлөмж: Шургуулганд цавуу түрхэх хэсэг оруулсныг анзаараарай. Мөн Deep-cut хутгыг та зөвхөн Curio машинд ашиглах боломжтой шүү.

Үүн дээр нугалах ором цаасны хутгаар хөнгөн зүсч үүсгэнэ

Ингээд нугалаад наахад шургуулгууд маань бэлэн болох юм. Наахдаа Tacky Glue цавуу ашиглав.

Шургуулгуудаа гүн ногоон Americana акрилан будгаар дотор гадаргүй будна.

Дараа нь Cuttlebug цаас зүсч товойлгодог машинд 2 төрлийн зүсдэг хэвээр цаас зүслээ. Үүнийгээ өнгө хослуулж дээр нь наана.

Мөн Curio электрон зүсдэг машинаар 1-24 хүртэлх тоог зүсч, нэг тоог 3 давхарлаж наагаад биетэй болгосон.

Тоонуудаа алтлаг Dazzling Metallic акрилан будгаар будав.

Ингээд шургуулган дээрээ дугуй цаасаа нааж, дээр нь тоогоо хямсаа ашиглан наалаа.

Шургуулга татах оосор хийхийг шийдсэн тул улаан туузыг цаастай үдээсний машинаар үднэ. Цаасан дээр нь цавуу түрхээд шургуулга дотор наагаарай.

Ингээд шургуулгууд маань нэгэн жигд хөөрхөн харагдаж байгаа биз?

Декупажилцгаая!

Календарийн голын хэсэгт зориулж Hammer цаасыг 20 см-н тэг дөрвөлжин хэмжээтэй зүсэв. Үүн дээрээ тохирох шувууны зурагтай салфеткыг Матт Декупажны мидиумаар наана.

Эргэн тойронг нь ногоон Americana акрилан будгаар будаж Декупажны мидиумаар лакдав.

Одоо шургуулгуудаа та амттан, урмын үгс гээд хүссэн зүйлсээрээ дүүргэх л үлдлээ. Та Адвент Календарь урлаж, хайртай дотны хүндээ өдөр бүр хайраа илэрхийлээрэй!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд