Онцгой Шувууг Пергаментаар Урлая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/10

Энэ шувууны нэрийг та мэдэх үү? Та энэ шувууг өмнө нь харж байсан уу? Энэ шувуу бол Соно Бялзуухай бөгөөд хүний нүднээс далд, хамгийн тайван, сайхан газар ирж хооллодог. Би энэ удаагийн бүтээлээ онцгой нэгэндээ зориулж, бяцхан шувууг пергаментан цаасаар урласан юм. Та болгоон соёрхоно уу.

  • Пергаментан цаас
  • Товойлгогч багаж
  • Дугуйруулж хайчлагч
  • Цоологч зүүн багаж
  • Шивүүрийн порлон
  • Шивүүрийн хавтан
  • Товойлгогч хавтан

Бяцхан шувууг урлацгаая! 

Хамгийн түрүүнд цаасан дээр соно бялзуухайгаа зурна. Дараа нь товойлгогч хавтан дээр зургаа тавиад, дээр нь пергаментан цаасаа тавьж гэрэлтүүлнэ. Зурахаасаа өмнө пергаментан цаасаа зөөлрүүлэхийн тулд зориулалтын тосыг түрхэж өгнө. Мөн өнгөгүй гутлын тосыг ч цаасыг зөөлрүүлэхэд ашиглаж болно. Товойлгогч багажаар шувуугаа дагуулж зурж товойлгоно.

Соно бялзуухайгаа зэнтангл урлалаар илэрхийлэх нь хамгийн оновчтой санаа байлаа. Зэнтангл урлал нь тайвшрал өгөхөөс гадна эрээн харагдуулдаг учраас энэ шувуунд хамгийн тохиромжтой санагдлаа.

Зөвлөмж: Пергаментан цаасан дээрээ зэнтангл хийхээс өмнө цаасан дээр туршиж үзээрэй.

Цаасан дээр туршсан хээгээ пергаментан цаасан дээрээ маш болгоомжтой тайван хийлээ. Би манай дэлгүүрт худалдаалагддаг Zentangle номоос зарим санаагаа авсан юм. Зарим хээг товойлгож, зарим хээг цэгээр цоолж зурж, зарим хээг цоолоод хайчилж хийлээ. Та ямарч дүрс, хээ хуар зохиож мөн шивүүрийн хавтанг ч ашиглаж болно. Мөн соно бялзуухай дээр нарийн жижиг хээ тохиромжтой харагдаж байлаа.

Дараа нь бэлэн болсон соно бялзуухайгаа тойруулж хайчилж авна. Хайчлахдаа шивүүрийн порлон дээр пергаментан цаасаа тавиад шувууг тойруулж цоолно. Дараа нь дугуйруулж хайчлагч хайчаар шувуугаа хайчилж авна.

Фоноо хийцгээе!

Пергаментан цаас маань бараан гадаргуу дээр тод харагддаг учраас би хөх цэнхэр өнгийн Distress тамганы өнгөөр цаасаа эффект үүсгэн будлаа.

Соно бялзуухай маань цэцэгнээс хооллодог учраас цэцгийн хээтэй цоолбороор товойсон эффект үүсгэхээр шийдлээ. Modelling paste зуурмагийг алтлаг өнгийн Extreme sheen акрилан будагтай холиод урлалын шпателиар цоолбор дээрээ татна. Хэрэв та голд нь зай үлдээхийг хүсвэл цаасаар халхавч хийж болно шүү. Харин би зай үлдээлгүй хийсэн байгаа.

Та бүхэндээ анхааруулахад: Зуурмаг, будгаа багаар холиод эхний түрхэлтээ хатсаны дараа дараагийн зуурмаг будгаа хольж түрхэж, яаралгүй хийгээрэй. Мөн цаасан скочоо үргэлж шинийг хэрэглээрэй. Зуурмагаа түрхсэний дараа цоолбор, урлалын шпателиа тэр даруй цэвэрлэнэ. Цоолбор хурдан гэмтэх, урагдах тул цэвэрлэхдээ хавтгай гадаргуу дээр хэвтээгээр байрлуулж сойтогоор маш зөөлөн үрж угаагаарай. Мөн Distress тамганы өнгө маань усанд урвалд ордог тул та гараа хуурай байлгаж бүтээлдээ хүрээрэй. Учир нь би фоноо хийхдээ маш олон удаа алдаа гаргасан.

Хамгийн сүүлд нь “Чи надад онцгой” гэсэн үгийг сонгож цаасан дээр буруу харуулж хэвлээд пергаментан цаасаа тавьж товойлгоно. Соно бялзуухай маань хүнд тэр бүр харагддаггүй онцгой шувуу учраас дотны хүнээ түүнтэй зүйрлэж энэ үгийг сонгосон болно. Дараа нь цоологч багажаар үгээ тойруулан цоолж хайчилж авна.

Соно бялзуухай болон үгээ фон дээрээ наахдаа зориулалтын пергаментны цавууг ашиглана. Үг болон шувууны товойлгож, цагааруулсан хэсэгт цавууг цэглэж түрхээд гадаргуу дээрээ наахад таны бүтээл өөгүй харагдах болно.

Ингээд онцгой бүтээл маань онцгой эзнээ хүлээж байна. Та ч бас пергамент болон зэнтангл урлалыг туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд