Өргөө Гэрт Минь Тавтай Морил

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/08

Гар урлал тэр дундаа декупаж, холимог техник гэх мэт урлалууд сүүлийн жилүүдэд манайд их өргөн дэлгэрч байгаа билээ. Өөрсдийн хийсэн зүйлсээр бусдад бэлэг барих мөн гэр, ажлын өрөөгөө чимэх нь ч элбэг болжээ.

Яагаад гэвэл гараар урласан бүтээлүүд дахин давтагдашгүй цорын ганц байдаг нь хүмүүсийн сэтгэлд өндөр нийцдэг байх. Энэ удаа та бүгдэд холимог техник, декупаж хосолсон гэрийн декор урласан аргачлалаа танилцуулая.

Миний ашигласан канвас маань үйлдвэрээсээ Gesso 3 давхарласан байсан тул дахин түрхэх шаардлагагүй байсан. Мөн канвасны тэлэгч моднуудыг урлалаа эхлэхээсээ өмнө бэхлэж өгвөл урлалаа хийхэд тань их нэмэртэй байх болно.

Сонгосон салфеткаа нямбай наана

Салфеткыг хайчилж наахаас гадна, урж нааж болно. Хэрвээ та анхлан декупаж хийж байгаа бол жижиг хэмжээтэй салфетка нааж дадлагажаарай. Салфетка маань маш нимгэн учраас үрчийлгэлгүй наах нь чухал.

Салфеткаа нааж дуусаад Honey Brown өнгийн акрилан будгийг дээр нь түрхэнэ

Weathered wood хагардаг лакыг жигд түрхэнэ. Энэ хагардаг лак маань хатах үедээ хагаралт үүсгэдэг тул суурь акрилан будаг хагаралтын цаанаас харагдаж хуучирсан мэт эффектийг таны урлалд үүсгэнэ.

Хагардаг лакыг бүрэн хатсаны дараа Buttermilk өнгийн акрилан будгийг жигд түрхэнэ. Хатахаас нь өмнө нойтон салфеткаар хөнгөн арчиж арилгаарай. Ингэснээр таны урлалд хагардаг лакны хагаралтын эффект илүү үзэмжтэй харагдаж өгнө.

Наран цэцгийн зурагтай салфеткыг наахад бэлэн боллоо. Гэхдээ бараан өнгийн суурин дээр шар өнгөтэй цэцэг маань тод харагдахгүй тул White өнгийн акрилан будгаар суурь будаж өгнө. Хатсан цагаан суурь дээрээ цэцгээ нямбай наагаарай. Илүү харагдаж байгаа цагаан будгийг суурь өнгөтэй ижил будгаар дарж будна.

Наран цэцгийнхээ гол болох бор хэсгийг 3D харагдуулах техник оруулж урласнаар цэцэг маань жинхэнэ мэт харагдах боломжтой. Үүний тулд Glitter snow мидиумыг урлалдаа ашиглалаа. Энэ мидиумыг бийрээр, порлоноор бүр хуруугаараа түрхсэн ч болно. Хамгийн гол нь таны хүссэнээр хэвэнд ордог, хэт нялцгар мөн хэт хуурай биш учраас их хялбар түрхэгддэг. Мэдээж таны ямар эффект үүсгэхийг хүсч буйгаас шалтгаалж мидиум маань тохирох эсэх нь шийдэгдэнэ. Цэцэгний голын бор хэсэгт Glitter snow мидиум маань яг зохицож байна.

Хатсаны дараа нь Espresso өнгийн акрилан будгаар цэцгийн голоо будаж амьд мэт цэцэг маань бэлэн боллоо. Үг нэмж бичсэнээр энэ урлал маань гэрт тань ирж буй зочинд халуун сэтгэгдлийг төрүүлэх гэрийн декор болж чадлаа

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд