Өвөрмөц Гацуурын Тоглоом

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/12/09

Энэ жил бид охиндоо гацуур мод засаж өгөх юм л даа. Бидний охины анхны гацуур учраас би гацуурын тоглоомыг өөрөө хийж өгөхөөр шийдлээ. Зөвхөн бидний охинд зориулагдсан байх тул би охиныхоо гар, хөлийн хэлбэрээр өвөрмөц болгож хийхийг хүслээ.

Охиныхоо 2 гар, 2 хөлийн хэлбэрийг зурж аваад аргиллитан хавтан дээр буулгаж Жүлигээр зүсүүллээ. Нэг гар, нэг хөлийг ягаан өнгөөр нөгөө гар, хөлийг цагаан өнгөөр будаж хатаана. Будахдаа порлон ашиглаж 2-3 давхарлаж будна. Будаж дуусаад хатсаны дараа дахин будахын өмнө зүлгүүрдвэл илүү гөлгөр зөөлөн болдог шүү.

Зөвлөмж: Та аргиллитан хавтангийн оронд зузаан цаасыг машинаар зүсч олон давхарлаж нааж хийх боломжтой шүү.

Хамгийн түрүүнд нэг гар дээр нь өвлийн өвгөн зурахаар шийдлээ. Охины минь гарын бяцхан хуруунууд өвлийн өвгөний сахал, алга нь өвлийн өвгөний нүүр, харин гарын шуу нь малгай болох юм. Dazzling metallic улаан өнгийн акрилан будгаар гарын эрхийн хурууг оруулан малгайг будна. Малгайн доогуур Glitter Snow зуурмагыг ашиглан малгайн хөвөнг хийж 3D харагдууллаа. Дараа нь акрилан будгаар нүд, хамар, амыг нарийн бийрээр зурна. Ингээд эгдүүтэй өвлийн өвгөн бэлэн боллоо.

Нэг хөл дээр гацуур модыг Dazzling metallic ногоон өнгийн акрилан будгаар модыг зурлаа. Зурахдаа бийрээ босоогоор нь бариад товших маягаар зурахад яг л мод шиг харагдсан шүү. Бүтээлээ хэт гялгар болгохгүйн тулд Americana акрилан будгаар гацуурын чимэглэлийг зурлаа.

Нөгөө хөл дээр нь Brilliance тамганы өнгөөр цасан ширхэгийг тамгална. Цэнхэр өнгийн Brilliance тамганы өнгө нь гялтганадаг учраас цасан ширхэгийг тамгалахад тохирч байлаа.  Мөн Stickles саатай цавуугаар энд тэнд нь чимэглэж өгснөөр бяцхан хөлийн хэлбэртэй гацуурын тоглоом маань бэлэн боллоо.

Хамгийн сүүлд нэг гарын хэлбэр дээр нь Glaze Pen 3D балаар охиндоо зориулж энэхүү тоглоомоо урласан болохоо дурьдлаа.

Анхааруулга: Би тэгш бичэхийн тулд балын харандаагаар шугам зурсан боловч Glaze Pen 3D бал маань нэвт гэрэлтэж харагддаг тул цаанаас нь зураас нь харагдаж байсан. Тиймээс та шугамыг давуулахгүй бичээрэй.

Ингээд охины минь анхны гацуурын тоглоом эзэндээ очихыг тэсэн ядан хүлээж байна. Та ч бас өөрийн өвөрмөц гацуурын тоглоомоо хайртай хүмүүстээ урлаарай. Урлалд тань амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд