Санта Өвөөгийн Байшин

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/11/29

Шинэ жил дөхөхөөр таны хүүхдийн асуултууд ихэвчлэн өвлийн өвгөнтэй холбоотой болж байна уу? Санта хаана амьдардаг, гэр нь ямар өнгөтэй байдаг, энэ жил ямар бэлэг бэлдсэн, хэдэн хоногийн дараа ирэх гэх мэтээр маш олон асуулт асууж байгаа биз дээ. Тэр хирээр бяцхан зүрх нь догдлон шинэ жилийн баярыг маш их хүлээж байгаа шүү гэдгийг та ойлгох хэрэгтэй. Та хүүхэддээ сайхан дурсамж үлдээхийн тулд үнэтэй тоглоом авч өгөх биш харин цагийг хамт өнгөрөөн Сантагийн байшин хийхэд нь туслаарай.

Хатуу цаасаар хийсэн байшин олж бэлдэнэ. Хэрэв танд бэлэн байшин байхгүй бол та хатуу цаасан хайрцаг ашиглан байшин хийж болох юм. Ердөө дээвэр хийгээд л зурагт үзүүлсэн байшин шиг болно шүү дээ.

Тагны ирмэг хүрэх хэмжээнээс доош нь хоолны савхаа нааж эхэлнэ. Ингэхдээ тараган цавуу ашиглаарай.

Цонх, хаалга байх газрыг тэмдэглэн үлдээгээд бусад хэсгээр нь савхаа наана.

Цонх хаалганы хүрээг зузаан цаасаар хийгээрэй.

Дээврийн хажуу талыг мөхөөлдөсний ишээр хийнэ.

Хатуу картон цаасаар дээврийн хүрээ гоёл хийж бэлдэнэ. Ингэхдээ цаасан дээрээ харандаагаар зурж цаасны хутгаар зүсч хийгээрэй.

Тараган цавуугаар бэлдцээ наагаад хавчаараар хавчиж хаттал нь хүлээнэ.

Дээвэр нь 2 тийшээ илүү гарсан байх хэрэгтэй учир хатуу картон цаасаар дээвэр хийнэ.

Хаалганы хүрээндээ мөхөөлдөсний ишээр хаалга хийгээрэй. Ингээд одоо будах л үлдлээ.

Дээврийг ногооноор, эх биеийг улаанаар, хүрээнүүдийг цагаанаар будна.

Цонхны шилийг цэнхрээр будаж цагаан өнгөөр цас зурж болох юм

Байшингийнхаа дотор хэсгийг алтан өнгөөр будна.

Саатай зуурмаг буюу glitter snow нь таны байшинг төгс харагдуулах болно.

Ингээд та хоёрын бяцхан байшин бэлэн боллоо. Таны хүүхэд том болоод энэ байшинг дурсаж үр хүүхэддээ ч бас таны хайр энэрэлийг дамжуулах болно. Ингээд урлалаар дамжуулан хүүхэд насны гэгээн дурсамжийг үр хүүхэддээ үлдээх үйлсэд чинь амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд