Шинэ Санаа, Шинэлэг Урлал

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/05

Олон төрлийн цаасан урлалын нэг болох цаасан сувс урлах аргыг саяхнаас суралцаж байгаа билээ. Энэ урлал маань аль хэдийн бие даагаад хөгжчихсөн байдаг юм байна. Жүлигийн зааж өгсөн техникийг баяжуулж Youtube багшаас илүү суралцан энэ бүтээлээ урлалаа.

Өмнө нь цаасан сувсаар бугуйвч урлаж байсан постоороо та бүгдэд өнгийн цаас болон хээтэй цаас ашиглан сувс урлах аргачлалыг танилцуулж байсан. Хэрвээ та бугуйвч урласан постыг маань харж амжаагүй бол энэ линкээс хараарай.

Энэ удаа өөр нэг аргачлалыг та бүгддээ танилцуулая. Хэрвээ та урлалын тамга ашиглаж үзсэн бол энэ техникийг мэддэг, мэндчилгээний карт урладаг бол маш энгийн санагдах байх. Гэвч шинээр эхлэн суралцаж буй хүмүүст энэ арга шинэлэг байх болов уу.

Бичгийн цаасыг уртааш нь тавиад хүссэн хээ, тамганы өнгөөрөө тамгална.

Хээтэй цаасаа 1 см хэмжээтэй зүсч бэлдээд нэг бүрчлэн сувснуудаа орооно.Ороох явцдаа нэгэн жигд нямбай ороох хэрэгтэй бөгөөд сувснууд тань ижил хэмжээ, нягттай байх ёстой.

Ороож бэлдсэн сувсаа ultra-mat бэхжүүлэгч лакаар бэхжүүлж өглөө.

Санамж:  Сувснуудаа лакаар бэхжүүлсэн нь уснаас хамгаалагдсан гэсэн үг биш бөгөөд гар нүүрээ угаахдаа мөн бороонд норохоос хамгаалаарай. Би энгийн матт гадаргуутай сувс урлахыг зорьж байсан боловч цаасыг ороох үед цаас маань сунгагдаж бүтэц нь өөрчлөгдсөнөөс болж матте бэхжүүлэгч лак маань маш нарийн хагаралт үүсгэсэн байлаа.

Ингээд энэ боломжийг ашиглаж акрилан будагнаас сувсандаа түрхээд хатахаас нь өмнө нойтон салфеткаар арчиж содон өвөрмөц хээтэй сувснуудтай болж чадлаа.

Цэнхэр өнгөтэй төмөр үдээсний нүхийг сувсныхаа 2 үзүүрт нааж өгсөнөөр бат бэх бөгөөд хэлхэж зүүхэд амархан сувс болж чадлаа.

Том сувснуудаа урлая:

Хамгийн том цэнхэр бөөрөнхий сувснуудыг ялимгүй өөр аргаар хийлээ.

Энэ сувснууд нь бусдаасаа том бөгөөд өөр хэлбэртэй.

Бичгийн цаасыг уртааш нь  2см-1,5см; 0,5см-1см; 1см-0,5см; 0,5см-0,1см гэх мэт нарийсган зүсч бэлдээд модон савхны тусламжтай нягт бөгөөд нямбай орооно.

Ороох үедээ цаасаа цавуудсан байх ёстой гэдгийг бүү мартаарай. Нийт 4 урт цаас ороож 1 том сувс болсон.

Ингээд эцэст нь цэнхэр акрилан будгаар жигд будаад хатсаны дараа нь мөн Ultra-matte лакаар бэхжүүлж лакдаж өгнө.

Бүх сувсаа бүдүүн цагаан утсанд хэлхээд таны зүүлт бугуйвч бэлэн боллоо.

Цаас маань ямар ч техник ашиглаж болох гадаргуутай тул та олон төрлийн чамин сувснуудыг хүссэн хэлбэр хэмжээтэйгээр урлах боломжтой. Цаасан сувс таны урлалын шинэ төрөл байж арвин бүтээлийг танд авчрах болтугай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд