Шинэлэг Шилэн Саваар Гал Тогоогоо Чимье

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/11

Хэрэглэж дууссан жимсний чанамлынхаа шилийг хаях гэж байна уу? Түр хүлээгээрэй, та гал тогоондоо шинэлэг, өнгөлөг бүтээл нэмэхийг хүсэхгүй байна гэж үү? Энгийн шилийг хэрхэн өнгөлөг болгож давс, элсэн чихэр, перецний сав болгохыг та хараад дагаад хийгээрэй.

Хамгийн түрүүнд шилээ шошго, цавуунаас салгаж сайтар цэвэрлэнэ. Спирттэй цэвэрлэгчээр арчиж цэвэрлээрэй. Би шилнүүдээ их шинэлэг, өнгөлөг болгохыг хүссэн тул шар, нэл ягаан, цэнхэр өнгүүдийг хослууллаа. Будахдаа гал тогооны порлон ашиглаж товших маягаар нимгэн 2-3 давхарлаж будна. Эхний давхаргаа будаад дахин давхарлаж будахдаа дор хаяж нэг өдөр хатаагаарай. Дараа нь хөнгөхөн зүлгүүрдэж өгвөл таны бүтээл гөлгөр өөгүй болох болно.

Тагаа бүх төрлийн гадаргуу дээр будах зориулалттай акрилан будгаар мөн порлон ашиглан товшиж будна. Мөн 2-3 удаа давхарлаж будах бөгөөд будалт дундаа хатааж зүлгүүрдэхээ бүү мартаарай.

Дараа нь шохойгоор давс, элсэн чихэр, перец гэж ялгаж бичихийн тулд шохойн самбар болгодог будгаар нэг тал дээр будна. Би энэ удаад шилний зориулалттай шохойн самбар болгодог будаг ашиглалаа. Будахдаа эхлээд босоо чиглэлд будаж хатаагаад дараа нь хөндлөн чиглэлд будаж хатаагаарай. Жигд ирмэг гаргаж будахын тулд цаасан скотч ашиглаж хүсээгүй газраа будаг хүрэхээс хамгаалаарай.

Зөвлөмж: Gloss enamels, болон шилний зориулалттай шохойн самбар болгодог будгийг шарах шүүгээнд шарахад арилдаггүй болж бэхэждэг шүү. Шарахдаа gloss enamels болон шохойн самбарын будгийг 4 өдөр хатаагаад 160*C-д 30 минут шарна.

Ингээд та гал тогоондоо өнгөлөг давс, элсэн чихэр, перецний савтай боллоо. Таны урлалд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд