Шүдний Чигчлүүрийн Гайхамшиг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/31

Энэ удаагийн миний урлал шаазан тавган дээр мандал хээг хэрхэн хийх талаар туршлага хуримтлуулах явдал байлаа. Шаазан дээр зурах нь тийм ч амар зүйл биш бололтой. Будаг шингээдэггүй, гөлгөр гадаргуутай болохоор будаг жигд түрхэгдэхгүй бийрний үсний ором гарч байсан тул дуртай хээгээ гаргахдаа нилээн ухаан зарах хэрэгтэй болов. Мөн 2 өөр өнгөтэй будгийн зааг хэсгийг яах аргагүй цэглэж хийх шаардлага гарлаа. Энэнд харин шүдний чигчлүүр яг сайхан таарсан багаж болж өгсөн тул энэхүү нийтлэлээ ийнхүү нэрлэсэн болно.

За ингээд тавгаа хэрхэн гоёсон талаар тайлбарлая.

  • Gloss Enamels шилний будаг /өнгө: bright yellow, yellow, festive green, foliage, calypso blue, baby blue, black/
  • Шүдний чигчлүүр
  • Нарийн үзүүртэй бийр
  • Шаазан таваг
  • Cuttlebug машин
  • Цэцгэн хэлбэртэй зүсдэг хэв
  • Хайч
  • Наалддаг цаас

Шаазан тавгаа угааж бэлдэнэ.

Цэцгэн хэлбэртэй зүсдэг хэвээр бичгийн цаасыг Cuttlebug машин ашиглан зүсч бэлдэнэ.

Дараа нь тавагны голыг олж тавиад дунд нь дахин нэг жижиг дугуй дүрстэй цаас тогтоож байгаад хар өнгийн Gloss Enamels будгаар ил харагдах хэсгийг будна.

Хараар будсан хэсгийн гадна талаар тойрог зураад түүнийгээ бүдэг цэнхэрээр будна. Хатсаны дараа нь чигчлүүрийн араар тод цэнхэр будгаар цэглэж өгнө.

Дараагийн дэлбээг хийхийн тулд наалддаг цаасыг нарийсгаж хайчлаад, дэлбээ бүрийн харалдаа нааж баримжаа болгоод, тойруулан дэлбээгээ хийгээрэй.

Хар өнгийн будгаар дэлбээний дунд хэсгийг будаад, гадуур нь бүдэг ногооноор дэлбээний бусад хэсгийг будна. Дараа нь энэ 2 будгийн зааг хэсэгт чигчлүүрийн нарийн үзүүрээр цэглэж өгнө.

Одоо тавагны голын хэсэгт шар болон хар өнгөөр дахин нэг цэцэг хийе. Мэдээж энэ хэсгийн зай бага учир түрүүчийн адил олон дэлбээтэй цэцэг зурах боломжгүй тул 2 дахин цөөн дэлбээтэй цэцэг зурах нь зүйтэй юм. Харин бүдэг шар өнгө дээр тод шараар цэг тавьсан боловч энэ нь сайн ялгарахгүй байсан тул хараар будсан хэсэг дээр цэглэсэн болно.

4 өдөр хүлээж хатсаны дараа шарах шүүгээнд 160 градуст 30 минут шарж бэхжүүлнэ.

Та өөрийн гараар шил шаазан дээр зурсан зураг урлалаа дотны найз, нөхөртөө бэлэглэж болох бөгөөд бэлэг авсан тэр хүн үнэхээр их баярлана гэдэгт та итгээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд