Сонгодог Урлаг Содон Бүтээл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/28

Бүжиг бол хүний сэтгэлийн илэрхийлэл гэдэг билээ. Тэр дундаа балетын урлаг бол хүний сэтгэл хөдлөл, амьдралыг биеийн уран налархай хөдөлгөөн, эрхэмсэг байдал, өвөрмөц арга техникийг хөг аялгуунд тааруулан үзүүлж, хүмүүст бие сэтгэлийн таашаал өгдөг урлаг билээ. Ингээд сонгодог урлагийг хэрхэн содон бүтээл болгосноо та бүхэнд толилуулъя.

  • Пергаментан цаас
  • Perga soft Пергамент цаас зөөлрүүлэгч
  • Бичгийн цаас
  • Харандаа
  • Товойлгогч хавтан
  • Товойлгогч багаж
  • Цоологч зүүн багаж
  • Цоологч хавтан
  • Шивүүрийн хавтан
  • Пергаментан цаасны цавуу
  • Цаасан скоч

Хамгийн түрүүнд балетчин охиныг зурлаа. Зурсан зураг дээрээ пергаментан цаасаа тавьж гэрэлтүүлж пергаментан цаасан дээрээ товойлгож зурна. Та хүсвэл бэлэн зураг принтерлээд товойлгосон ч болно. Товойлгохын өмнө пергаментан цаасны зөөлрүүлэгчийг хэрэглэснээр таны цаас цоорохгүй. Харин би энэ удаад өнгөгүй гутлын тосыг ашиглан цаасаа зөөлрүүллээ. Товойлгохдоо пергаментан цаасны товойлгогч порлонон хавтан дээр пергаментан цаасаа тавиад товойлгогч  багажаар маш зөөлөн дарж зурна.

Балетчин охиноо зурж дуусаад шаахай, даашинзны богино хормой, үс, даашинзны дээд хэсэг зэргийг хээ гарган товойлгоно. Товойлгохдоо нэг чиглэлд зураас татаж, олон удаа, жигд зөөлөн дарж товойлгоно.

Дараа нь цоологч хавтан болон зүүн цоологч багаж ашиглан даашинзны дээд хэсэгт гаргасан хээн зураасны огтлолцол болон даашинзны богино хормой дээрхи товойлгосны доод хэсэгт зүүн цоологч багажийг босоогоор барьж, зүүн багажны үзүүрийг дөнгөж оруулж, жижиг нүх үүсгэн цоолно. Цоолохдоо зурагны өнгөн талыг дээш харуулж цоолоорой.

Балетчин охины даашинзны урт хормойг торон харагдуулахыг хүссэн тул охины хөлийг үлдээж, шивүүрийн хавтанг ашиглан нэг бүрчлэн цоолно. Цоолохын өмнө урт хормойгоо зурж хормойн доогуур хэсгийг жигд товойлгоно. Цоолохдоо зүүн багажаа эгц босоогоор барихаа бүү мартаарай. Харин хөл хэсгийг товойлгогч багажаар шивүүрийн хавтан дээрээ товойлгоно. Шивүүрийн хавтанг хөдөлгөхгүйн тулд цаасан скоч ашиглаарай.

Пергаментан цаас маань бараан гадаргуу дээр тодорч харагддаг тул арын фононд гялгар хар өнгийн цаасыг ашиглалаа. Пергаментан цаас болон өнгийн цаасыг ижил хэмжээгээр зүснэ. Хамгийн сүүлд пергаментны цавууг ашиглан зургаа наана. Зургаа жаазлах учраас цавуугаа зөвхөн 4 өнцөгт түрхэж наалаа.

Та гэртээ сонгодог урлагийн содон бүээлийг урлаж эрхэмсэг, тансаг, сайхан уур амьсгалыг гэр бүлдээ бэлэглээрэй. Урлалд тань амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд