Та Битгий Уурлаарай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/17

Би бага байхдаа ээжтэйгээ дандаа тоглож, цагийг хамт хөгжилтэй өнгөрүүлдэг байсан. Одоо ч ажил амьдрал гээд ээжтэйгээ цагийг өнгөрөөх нь ховор болсон доо. Би ээжтэйгээ хамгийн их тоглодог байсан тоглоом бол Та Битгий Уурлаарай байсан юм. Харин би охинтойгоо хамт тоглох тоглоомоо нэгээр нэмж энэхүү тоглоомыг сонирхолтойгоор хийхээр шийдлээ. Хэрхэн хийсэнтэй танилцана уу.

Хавтангаа хийцгээе.

Хамгийн эхлээд аргилитан хавтангаа зүсэж бэлдэнэ. Ирмэгүүдийг зүлгүүрдэж гөлгөр болгоорой. Бэлдсэн хавтангаа би улбар шар өнгөөр будахаар шийдлээ. Гэвч будаг маань нэвт гэрэлтдэг учраас эхлээд цагаан акрилан будгаар будаад дараа нь улбар шар өнгөөр будсан. Будгаа түрхэхдээ порлоноор түрхвэл илүү жигд болдог. Мөн 3-4 давхарлаж будвал өнгө маань илүү тодорно. Давхарлаж будахдаа эхний будалтаа хатаагаад зүлгүүрдээд дахин давхарлаж будаарай.

Би энгийн нэг тоглоомын хавтан хийхийн оронд хүүхдэд сонирхолтой байлгах үүднээс амьтдыг тоглоомондоо зурж өгсөн юм. Энэ тоглоомыг 4 хүн тоглох боломжтой бөгөөд бүгд өөр өөр өнгийг сонгож уралдах ёстой. Хүүхдүүд цэнхэр, шар, ногоон, улаан өнгөөр тоглоно. Тиймээс дээрх өнгийн амьтдыг олж зурлаа. Зурахдаа эхлээд харандаагаар зураарай. Дараа нь сонгосон акрилан будгаар будаад жижиг хээ, толбыг зурна.

Одоо надад амьтдын очих дуртай зүйлс хэрэгтэй. Cuttlebug машины зүсэгч хэвээр өнгийн цаасуудаа тохирох хэлбэрт оруулж зүссэн бөгөөд эдгээр амьтад цэцгэн замаар явж гэртээ орох юм. Хавтан дээрээ зам болон амьтдын гэр хаана байрлахыг тогтоогоод, Fast grab цавуугаар нэг бүрчлэн наана. Наахдаа хэмжээгээ зөв аваарай.

Хамгийн сүүлд хавтангаа Triple thick өтгөн лакаар хэд хэд давхарлаж будна. Давхарлаж будах хооронд маш нарийн зүлгүүрээр зөөлөн зүлгүүрдээрэй.

 Тоглоомын хүүг хийцгээе.

Тоглоомынхоо хүүг би цаасан хуйлмалаар хийхээр шийдлээ. Нэг хүүг хийхдээ 3мм өргөнтэй 2 урт цаасыг нийлүүлж чанга хуйлж суурийг хийлээ. Дараа нь нэг урт цаасыг хуйлж 4 ширхэгийг хийгээд, дахин суурь хийсэнтэй ижил хэмжээтэй дугуйг 2 ширхэгийг хийлээ.

Тоглоомын хүүгийн оройг төвгөр болгохын тулд төвийлгөгч багажийг ашиглана. Төвийлгөсөн хэсгийн дотор талд нь цавуу түрхэж өгснөөр төвгөр байдлаа хадгалдаг шүү.

Бүх бэлдэцүүдээ давхарлаж наагаад Ultra matt лакаар будсанаар миний тоглоом бэлэн боллоо.

 Тоглоцгооё!

Энэхүү тоглоомыг 4 хүн тоглоно. Хүн бүр нэг өнгө болно. Тоглоомын 4 хүүг амьтад дээр байрлуулна. Шоо хаяад 6 буувал үүрнээсээ нэг хүүгээ гаргахаас гадна дахин шоогоо шидэх эрх үүснэ. Дараагийн гарсан тоогоор цэцгэн дээгүүр урагшлах бөгөөд хамгийн түрүүнд 4 хүүгээ гэртээ буюу очих дуртай газар нь оруулсан нь ялагч болно. Харин цэцгэн дээгүүр урагшилж байх хооронд нэг цэцгэн дээр 2 өөр өнгийн хүү давхацвал сүүлд тэрхүү цэцгэн дээр очиж байгаа нь цэцгэн дээр байсан хүүг үүр лүү нь буцааж “Та битгий уурлаарай” гэж хэлнэ. Ингээд уралдаад л байж дээ.

Одоо миний хийсэн тоглоомоор охин минь хүмүүстэй тоглоно гэж бодохоор сэтгэл хөдөлж байна шүү. Та ч бас тоглоом урлаж хүүхдүүддээ аз жаргал бэлэглээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд