Та Шилэн Дээр Самбар Үүсгэгч Будгийг Мэдэх үү?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/18

Өмнө нь би та бүхэндээ шохойн самбар болгогч будгийг танилцуулж байсан билээ. Тэгвэл энэхүү будагны төрөлд шилний зориулалттай байдаг гэж та мэдсэн үү? Би үүнийг хэрэглэж үзлээ, юм хийж туршлаа их үзэмжтэй сайхан болсон шүү.

Зөвлөмж: Шилийг самбар болгодог будгаар будахдаа эхлээд шилээ угааж хатаагаад, спиртээр сайтар арчаарай.

Би эхний шилээ лааны суурь болгосон. Мэдээж та өөрийн хүссэн хээтэй цоолбор ашиглаж болно. Хэрэв таны хүссэн хээ байхгүй бол бас нэг өөр арга хэлж өгье. Та хатуу цаасан дээр хээгээ цаасны хутгаар зүсээд өөртөө цоолбор хийгээрэй. Үүнийгээ 2 талтай скоч ашиглан шилэн дээрээ түр наана. Харин би Ногоон машины хэвээр цаасаа зүсч авсан. Тэгээд шилний самбар болгогч будгаа порлон ашиглан 3 давхарлаж будав. Давхарлахдаа та яарах хэрэггүй. Будгаа хооронд нь хатах хангалттай хугацаа гаргаарай

Дараагийн будах шил маань 2 хос стакан. Энэ хоёрыгоо мөн адил аргаар будсан. Гэхдээ би үүнийг хийж байхдаа дунд нь бүтэлгүйтсэн. 2 талтай скочоор цоолбороо түр тогтоож байгаад будаг хатахад эргээд зөөлхөн хуулж аваарай. Би шууд татсан чинь хээний маань нэг булан хэсэг нь хуулагдсан юм. Тэгэхээр би дахиж давхарлаж будгаа түрхээд хээнийхээ дагуу бусад хэсгийн хусаж авсан.

Анхааруулга: Будгаа хатсны дараа тэр үед нь л шууд цаасаа хуулж авах хэрэгтэй. Би мартаад хонуулсан чинь 2 талтай скочны цавуу нь шилэн дээр үлдчээд ер авч чадахгүй байв. Гэтэл Наара маань халуунаар төөнөгч багажаар цавууг нь халаавал амархан хуулагдах болов уу гэсэн санал хэлж өгсөн. Хийгээд үзэхэд үнэхээр болсон шүү. Тиймээс та ямар нэгэн зүйлээс цавуу салгаж авах гэж байгаа бол халааж байгаад хуулж болдог юм байна шүү.

Ингээд та баяр ёслол дээр  эсвэл зүгээр өөртөө зориулж шилний самбар болгогч будгаар шилээ чимж болно шүү. Туршаад үзэхэд илүүдэхгүй шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд