Та Тамгалах Техник Туршиж Үзсэн үү?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/01

Тамгалах техник нилээн олон янз байдаг. Тэр бүгдийг өдөр тутмынхаа урлалд зөв ашигласнаар таны урлалд үнэхээр ахиц авчирч чадах юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан урлаж буй энэ картанд маань тамгалах өөр, өөр техник ашигласан байгаа.

Masking техник:

Хамгийн эхэнд бичгийн цаасан дээр өөрийн сонгож авсан цэцгээ хар өнгийн Memento тамганы өнгөөр тамгалаад хайчилж авна.

14см х 10см хэмжээтэй Hammer цагаан цаасан дээр цэцгээ өнгө ялгаж тамгалаад хайчилж авсан цэцгээ дээр нь тааруулан Herma цавуугаар наана. Herma цавуу маань цаасыг дэрвийлгэхгүй наадаг бөгөөд наасан цаасаа буцаагаад салгаж болдог. Цавууны үлдэгдэл хэсгийг та гараараа үрэхэд л арилна.

Зөвлөмж: Энэ техник маань тамгалсан цэцгэн дээр маск тавьж өгөх бөгөөд үргэлжлүүлэн урлал хийхийн тулд цэцгээ хамгаалж маск болж буй техник юм.

Тамганы өнгө дээр өнгөгүй товойлгогч нунтаг ашиглах техник:

Үгээ ягаан өнгийн Memento тамгаар тамгалаад хатахаас нь өмнө өнгөгүй товойлгогч нунтагаа асгаж тогтоож өгнө. Халуунаар төөнөгч багажаар халааснаар таны карт дээрх үг товойсон эффекттэй боллоо.

Versamark тамганы өнгөөр тамгалаад өнгөгүй товойлгох техник:

Энэ удаа би Finnabair компаний үйлдвэрлэсэн Sponge тамганы хээг өөрийн урлалдаа ашиглалаа. Versamark тамганы өнгөөр цэцэгтэй цаасаа дүүртэл Sponge тамгаараа олон дахин тамгална. Учир нь миний ашиглаж буй Sponge тамга маань цааснаасаа 4 дахин жижиг юм.

Тамгалсан хээн дээрээ өнгөгүй товойлгогч нунтаг асгана. Хээн дээр тогтож үлдээгүй нунтагийг сав руу нь буцааж хийгээрэй. Ингээд та нунтагаа халуунаар төөнөгч багажаараа халаагаарай.

Санамж: Энэ хугацаанд цэцгэн дээрээ давхарлаж наасан цэцгийн маскаа хуулж авалгүй хэвээр нь байлгах ёстой шүү!

Одоо танд будах л үлдлээ. Өнгөгүй товойлгогч нунтагаар урласан эффект маань гялалзаад гоё харагдаж байгаа биз? Гэхдээ та Distress Ink тамганы өнгийг дээр нь түрхсэнээр илүү өвөрмөц болохыг харах болно.

Distress Ink тамганы (Iced Spruce) өнгийг порлондоо шингээгээд жигд будаж өгнө. Будаж дуусаад та хуурай салфеткаар өнгөгүй товойлгогч нунтаг дээр будагдсан будгуудыг хөнгөхөн арчина. Өнгөгүй товойлгогч нунтагны цаанаас цаасны маань үндсэн цагаан өнгө харагдаж байгаа бөгөөд Distress Ink-ний маань өнгөтэй үнэхээр гайхалтай зохицож байна.

Одоо та давхарлаж наасан цэцгээ хуулж авч болно. Цэцэг маань товойлгогч нунтаг болон тамганы өнгө бололгүй цэвэр хэвээрээ хадгалагдаж чадсан байна.

Харин та цэцгээ өнгө ялган Spectrium Noir маркераар будаад нугалж бэлдсэн Bazill Bling картныхаа эх бие дээр наагаад карт маань бэлэн боллоо. Bazill Bling цаас маань өөрөө гялалзсан саатай тул энэ картыг маань үнэхээр үзэмжтэй болгож чадлаа.

Энэ картыг урлахад яг хэдэн тамгалах техник ашиглагдсан байна вэ? Та энэ техникүүдийг сурснаар урлалаа илүү сонирхолтой, өвөрмөц болгож чадна шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд