Тамгаар тоглоё

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/24

Би энэ удаа нэг төрлийн тамганы сет ашигласан ба ижил загвараар ашигласан хэрнээ маш олон гоё картууд хийж болно шүү гэсэн урам зоригийг та бүхэндээ дамжуулж байна. Миний энэ 5 картан дээр адилхан харагдаж байгаа зүйл нь бүгд өнгө дагасан фонтой туузаар бүрэгдэж голд нь бяцхан чимэглэл орсоныг та зурагнаас анзаарч байгаа байх. Харин би карт болгон дээрээ ямар ямар арга техник санаа ашигласнаа танилцуулья.

Хос эрвээхэй

Би уг картаа хийхдээ баруун дээд өнцөгөөс нь эхэлж ташуу маягаар тамгалсан. Тамгалж байхдаа тамга маань гараас унаж алдаа гарсан. Тэр алдаагаа засаж болох нэг санаа байна. Энэ нь алдааны хэсэг дээрээ юм нааж эсвэл суурьлуулж болно шүү. Би хүрээнд нь өргөн хэмжээний тууз хэрэглэхийг хүссэн хэдий ч надад тохирох өнгө байхгүй байсан. Би тэрийг нь яаж аргалсан бэ гэхээр нарийн хүссэн өнгөний туузаа 2 эгнээ оруулсанаар асуудлыг шийдэж өгч байна. Картны голд орсон чимэглэлээ ногоон машинаараа гаргаж товойлгодог багажаар хүрээ жааз болгож товойлгосон.

Эмгэн хумс

Бяцхан хэрнээ чамин картыг хийхдээ үлдэгдэл жижиг цаасаараа хийгээд авлаа. Үүнд би ямар арга хэрэглэсэн бэ гэхээр нэг эгнээ цэцгээ тамгаласны дараагаар муу цаасан дээр яг тэр цэцгээ тамгалана. Дараа нь хайчилж аваад тэр цэцгээ түр зуур нөгөө эгнээний цэцгэн дээр нааж байгаад дээрээс нь тамгалахад уг цэцэг нь цаана байгаа эффектийг үүсгэнэ. Голд орж буй чимэглэлээ энгийн хүрээ нэмхийн тулд тамганы өнгөөрөө үзүүрийг нь будаж өгсөн.

Алтан тэмээ

Улаан цэцэгнүүдээ тамгалахдаа энэ тэндгүй тамгалж үзсэн. Голд нь орж буй чимэглэл дээр доод давхарга нь заавал ижил дүрс биш өөр дүрс байлгаж болно. Үүнд би тэгш өнцөгт гаргахад карттай минь зохицохгүй байсан тул 4 буланг нь нүхлэгчээр хагас тойрогтой болгосон. Нүхэлсэн  хагас тойрогнууд маань цэцэгний тойрогтой хосолж байна.

Зараа

Миний тамга өөрөө олон цэцэг навч бөөгнөрсөн тамга юм. Үүнийг би цэцэг болон навчийг өөр өөр өнгөөр тамгалахыг хүссэн. Тэгэхээр би ямар арга хэргэлсэнээ хэлье. Эхлээд цэцгэн дээрээ тамганы өнгөө түрхээд дараа нь нойтон сальфеткаар навчин дээр түрхэгдсэн тамганы өнгийг арилгаж байгаад навчныхаа өнгөөр түрхэж өгсөн. Тэгээд би нарийн босоо карт ховор байдаг учир уг хэлбэрээр картаа хийсэн. Голд нь хийсэн дугуй давхаргуудын зайг яаж ийм нарийн хийсэн бэ гэвэл маш амархан.  Ногоон машинд ашигладаг мм-н зөрүүтэй, дугуй хэлбэрээр зүсдэг хэвүүд олон байдаг. Иймд уг хэвний  ойролцоо хэмжээтэй 2 хэвийг ашиглаж зүслээ.

Зөгий

Энэ картан дээр тамгалахдаа эгнээ үүсгэж, тамгаа дээш доош нь харуулж цэцэгнүүдээ тамгаласан. Голд нь байгаа чимэглэл маань бас таньд тус болох нэгэн зөвлөлгөөг агуулсан байгаа. Танд давхарга үүсгэх гэж байхад хоорондоо мм-н зөрүүтэй төмөр хэв байхгүй бол та санаа зовох хэрэггүй. Та хэрэглэх гэж байгаа төмөр хэвээ аваад харандаагаар тойруулж зураад гараараа хайчилаад л хэрэглэж болно шүү дээ.

За тэгэхээр миний энэ удаагийн нийтлэл маань таньд жижиг жижиг тус болох санаануудыг агуулж өглөө. Таны цаашдын бүтээлүүдэд нэмэр болох зөвлөмжүүд байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд урлалаа бүү зогсоо хийгээд байгаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд