Эрт дээр үед шавар, төмөр, керамик, зэс, гууль гэх мэт материал ашиглаж ваар хийдэг байсан бол орчин үед төрөл бүрийн гар доорхи хаягдал материал ашиглан ваар хийх боломжтой гэдгийг урлаачид маань харуулсаар байгаа билээ.
Тэгвэл анхны урлалаараа би та бүхэнд дэлхий даяар хэдэн саяараа хаягддаг виноны шилээр хэрхэн тансаг цэцгийн ваар хийж болох талаар мэдээлэл өгөхөөр шийдлээ.
- Gloss Enamels Шилний акрилан будаг
- Decoupage Gloss лак
- Виноны шил
- Мөнгөлөг цаас
- Тараган цавуу
- Хатдаг барималын шавар
- Наадаг шигтгээ
- Лаа
- Мөс
- Шил зүсэгч
Хамгийн түрүүнд шилээ ваар хэлбэртэй болгохын тулд виноны шилний хүзүүнээс тайрна. Ингэхдээ тайрах хэсгээ шил зүсэгчээр зүсэж ором гаргана. Шилээ тэгшхэн зүсэхийн тулд доош харуулан тохирсон жижиг саванд хийгээд шил зүсэгчээ хөдөлгөөнгүй бариад шилээ болгоомжтой эргүүлээрэй.
Хугартал нь дээрх үйлдлээ давтана. Халуун хүйтэн харшуулах замаар шилээ цуулж хугална.
Анхааруулга: Шилээ хугалахдаа гараа зүсэж гэмтээхээс болгоомжлоорой.
Шилний амсар хэсгийг сайтар зүлгүүрдсэний дараа хар өнгийн хатдаг барималын шавараа амсар хэсэгт нь нааж ваарны хэлбэрт оруулна.
Хар өнгийн Gloss Enamels шилний будгаар ваарныхаа дээд хэсгийг 2-3 давхарлан будна. Ингэхдээ порлон ашиглан жигд нимгэн товшиж будаарай. Сайн хатсаны дараа давхарлаж будахгүй бол будаг хагардаг гэдгийг анхаарна уу.
Мөнгөлөг цаасаа гараараа үрчийлгээд зургийн дагуу ваарныхаа доод хэсгээр болон амсар хэсгээр сайтар нааж өгөөрэй.
Бэлэн болсон ваараа Decoupage Gloss лакаар бийр ашиглан 2-3 давхар лакдана.
Ингээд таны гэрт өнгө үзэмж нэмэх үзэсгэлэнтэй цэцгийн ваар бэлэн боллоо. Таны урлалд амжилт хүсье!
Бүх сэтгэгдлийг үзэх