Толь Минь Толь Минь Надад Хэлээч

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/11

Дүн өвлийн хүйтэнд ч хамгийн үзэсгэлэнтэй харагдуулах үзэмжит толь маань бэлэн боллоо. Өвлийн улирлыг цас, мөсгүйгээр төсөөлшгүйтэй адил цасан ширхэгийг гялалзсан цагаан эсвэл тунгалаг цэнхэр өнгөгүйгээр төсөөлшгүй. Цасан хатны үлгэрийг хүн бүр мэддэг шүү дээ тиймээс өөрийн төсөөллийн цасан хатны шидэт толийг урлалаа.

Бор хүрээтэй энгийн нэгэн толийг хувиргаж өөрийн хүссэн цасан хатны толийг чимэхийн тулд цагаан акрилан будгаар бүх хүрээг нь жигдхэн цагаан болгон будлаа.

Хүрээ мод маань жижиг дөрвөлжин хээтэй учраас өнгө сөөлжлүүлж цагаан, цайвар цэнхэр, цэнхэр гэсэн өнгүүдээр ялган акрилан будгаар будлаа. Дараа нь хар маркераар хүрээлээрэй.

Цасан ширхэгээ хэрхэн зурах вэ:

Шил, толин гадаргуу дээр ашиглаж болох тогтоцтой будаг тэр болгон байдаггүй шүү дээ. Харин Glass stain будаг маань шил болон шаазан эдлэл, толин дээр будаж болдог онцлогтой юм. Мөн Glass stain будагны хар хүрээлэгч будаг нь бүтээлийнхээ контур болдог бөгөөд glass stain будгийг дотор нь түрхэж өгвөл будаг нь хүрээлсэн хэсгийн дотор хатаж тогтдог.

Хэрвээ танд цасан ширхэгийн цоолбор эсвэл хэв байвал түүнийгээ ашиглаарай. Надад бэлэн цоолбор байгаагүй тул ногоон машинаар цасан ширхэгний хэв гаргаад түүнийгээ ашиглалаа.

Цасан ширхэгийнхээ хэвийг зурах хэсэгтээ хөдлөхөөргүй тогтооно. Хүрээлэгч хар будгаараа цасан ширхэгээ зурахын тулд илүү нарийхан хошууг гялгар уутаар хийгээд түүндээ Black leading хүрээлэгч будгаа хийгээд ашиглалаа.

Зурагт заасны дагуу хүрээлэгч хар будгаар цасан ширхэгний хэвийг толин дээрээ зурна.

Хүрээлэгч будгаа хатсаны дараа цэнхэр будгийг шахаж өгөөрэй. Будгаа хар хүрээнээс илүү гаргалгүй тараана. Түрхэх явцад будганд тань бөмбөлөг үүссэн бол шүдний чигчлүүрээр бөмбөлөгийг хагалж болно шүү.

Хүрээнийхээ хэсэгт цасан ширхэгүүдээ акрилан будгаар зурсан бөгөөд будгаа хатсаных нь дараа нь Glass stain цэнхэр будгийг давхарлан будлаа. Ингээд таны толь, хүрээний хэсэг дэх цасан ширхэгүүд адил гялалзсан өнгөтэй боллоо.

Хүрээний хэсгийн цагаан дөрвөлжин хэсгүүд дээр Glitter snow мидиум түрхэж өгсөнөөр цас мэт гялалзсан цагаан гадаргуутай боллоо.

Хүрээний цайвар цэнхэр өнгийн дөрвөлжин хэсгүүдэд мөнгөлөг Inka gold ваксийг түрхэж өглөө. Энэ ваксыг хуруугаараа ч түрхэж болно. Бага зэргийг түрхэж өгөхөд л таны бүтээл мөнгөлөг өвлийг санагдуулам үзэмжтэй болж чадна.

Зөвлөмж:

Хүрээлэгч хар будгийг илүү нарийхан гаргахын тулд нарийн хошууг савныхаа хошуунд бэхэлж өгч болохоос гадна гялгар уутаар нарийн хошуутай сав бэлдэн будгаа хийж шахаж болно. Энэ нарийн хошуутай уутыг хийх аргачлалыг Ундармаа эгч маань зааж өгсөн бөгөөд түүний блог дээр заасан байгаа.

Миний бүтээсэн өвлийн үзэмжит толь маань бэлэн боллоо. Миний хувьд энэ толь маань яг энэ байгаагаараа илүү чимэглэл нэмэлгүйгээр таалагдаж байна. Харин та хэрхэн чимэглэх байсан бэ? Хэрвээ та толийг маань бодитоор нь харах юм бол ямар гоё болсныг харах байх.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд