Цаг Хэд Болж Байна Вэ?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/18

Монголчууд шар шувууг оюун ухаан, эрдэм номын бэлгэдэл гэж үздэг. Мөн муу муухайгаас хамгаална гэж үзэх нь ч бий. Шар шувуун хэлбэртэй цаг урлах санаа төрлөө. Шар шувуун цагийг урлаж дуусгаад харахад урамтай санагдсан шүү.

Хамгийн түрүүнд аргилитан хавтан дээрээ шар шувууны дүрсийг гарган харандаагаар зурна.  Хэрэв танд шар шувууны дүрс хэрэгтэй бол линкээр орж бэлэн дүрсийг татаж аваарай. Дараа нь цаасны хутгаар шар шувуугаа зүсэж авна. Шар шувуу маань дугуйрсан зүсэлттэй тул шулуунаар богино зайнд болгоомжтой зүсээрэй.

Шар шувууны хэлбэрээ зүсэж аваад ирмэг өнцөггүй, жигд гөлгөр болгохын тулд зүлгүүрдээрэй.

Дараа нь шар шувуугаа тэр чигт нь цагаан өнгөөр будна. Зарим акрилан будгууд гэрэл нэвтэрдэг учраас цагаан суурь тавьж өгвөл будгууд маань тод харагддаг. Дараа нь шар шувууны гэдэс, нүд хэсэгт бичгийн цаасыг дугуйгаар зүсэж, Herma цавуугаар тогтооно. Herma цавуу маань цаасыг буцааж хуулахад суурийг гэмтээхгүй учраас санаа зовох зүйлгүй их амар шүү.

Зөвлөмж: Будахдаа порлон ашиглаж, нимгэн бөгөөд 2-3 давхарлаж будаарай. Эхний будалтаа хийгээд, хатаагаад маш нарийн зүлгүүрээр зүлгүүрдэнэ. Дараагийн давхаргаа будаад дахин хатаагаад зүлгүүрдвэл жигд, өөгүй харагддаг шүү.

Шар шувууны өдийг хийх санааг удаан бодсоны эцэст салфеткан цаасыг зүрхэн хэлбэртэй зүсээд, зүрхийг уруу нь харуулж шувууны өд мэт давхарлан наалаа. Наахдаа Tacky цавууг ашигласан бөгөөд зүрхний дугуйрсан хэсэг сул байхаар наана.

Дараа нь гэдсэн дээр наасан бичгийн цаасыг хуулж авна. Нүдний хэсэгт наасан цаасыг авах болоогүй шүү. Шар шувууны гэдэс болон толгойг Dazzling metallic боронзон акрилан будгаар будна. Харин өд рүүгээ оруулахгүй болгоомжтой будахаа мартуузай. Шар шувууны гэдсэн дээрх цагны дугуйг жигд харагдуулахын тулд саатай хар цаасыг дугуй хүрээ болгон зүсэж, наана.

Будгаа хатсаны дараа нүдний хэсгийн бичгийн цаасаа хуулж авна. Шар шувуу хэдийгээр хүүхэн хараа байдаггүй ч хүүхэн хараатай хийвэл эгдүүтэй хөөрхөн харагдах тул саатай цаасыг дугуйруулж зүсээд Tacky цавуугаар наана.

Салфеткан цаас маань гялгар биш тул Metallic Lustre зуурмаган будгаар будаж өнгө нэмлээ. Энэхүү зуурмаган будгийг гараараа түрхэхэд л хангалттай бөгөөд таны бүтээл өвөрмөц, гялтганасан эффекттэй болох болно.

Шар шувууныхаа хамрыг аргилитан хавтанг гурвалжин болгож зүсээд Dazzling Metallic алтлаг өнгөөр будна. Дараа нь хамраа шар шувуун дээрээ наана.

Харин цагны тоог пергамэнтэн цаасаар хийхээр шийдлээ. Пергамэнтэн цаасаа өдний хэлбэрээр хайчилж аваад товойлгогч хавтан дээр тавьж товойлгогч багажаар өдний голыг товойлгон зурна. Дараа нь өдөө сэрдийлгэхийн тулд нарийн нарийн хайчилна. Би цагандаа 4 тоо хийхээр шийдлээ.

Шар шувуугаа ороолттой болгохын тулд саатай гялгар утсыг сүлжээд Ultimate цавууг ашиглан шар шувууны хүзүүгээр ороож наана.

Хамгийн сүүлд модны унасан мөчрийг шар шувууныхаа хөлний хэсэгт халуун цавуугаар нааж чимэг орууллаа. Дараа нь цагныхаа механизмыг байрлуулаад, хананд өлгөх гогцоог тогтооно.

Ингээд таны гэрт чимэг нэмэх өвөрмөц цаг бэлэн боллоо. Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд