Цасан Бударсан Христмасийн Үдэш

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/12/13

Өмнөх нийтлэлээрээ та бүгддээ эгдүүтэй бяцхан гөлөгтэй мэндчилгээний картаа хэрхэн хийснээ танилцуулсан. Энэ удаа тэр тамганы сэтээ ашиглаад дахин өөр нэг мэндчилгээний карт хийж танилцуулъя.

12 х 30 см хэмжээтэй цагаан Hammer цаасыг голоор нь нугалаад босоо картны эх бие бэлэн боллоо. Цаасан скочоор картныхаа 0,5 см зайтай хүрээг битүү скочдоно. Бүх будалт дууссаны дараа скочоо салгаж авах үед будаг цавууны үсэрсэн толбогүй өөгүй сайхан цагаан хүрээ танд үлдэх юм.

Охины зурагтай тамгыг тамгалахаас өмнө танд суурь өнгө хэрэгтэй тул Distress Oxide (broken china) тамганы өнгөөр сууриа будаад ус дээрээс нь шүршиж өвөрмөц тогтоцтой эффект үүсгэнэ. Та хүссэн үр дүндээ хүртэл хэд дахин ус шүршиж болох бөгөөд халуунаар төөнөгч багажаар хатаах нь таны урлалд илүү дөхөм болно.

Memento хар тамганы өнгөөр охины зурагтай тамгаа тамгалаад Dazzling Metallic болон Americana акрилан будгийн өнгүүдээр охин болон сүлд модоо будаж чимээрэй.

Картны эх биеэс 0,5 см-ээр бага цагаан hammer цаасаа зүсэж бэлдээд Cuttlebug машинаараа цаасныхаа голд зуйван хэлбэртэй зүсэгч хэвээр зүснэ. Дараа нь мөн адил Distress Oxide (broken china) тамганы өнгөөр будаад дээрээс нь усаа шүршээд хүссэн эффектээ үүстэл хэд дахин давтана.

Versamark өнгөгүй тамганы өнгөөр цасан ширхэг болон мэндчилгээний үгээ тамгалаад цагаан өнгийн товойлгогч нунтагаар үгээ товойлголоо.

Зуйван хүрээ болон бусад хэсгээр Snow glitter саатай цасан зуурмагийг түрхэж өгсөнөөр таны картанд жинхэнэ цас шиг харагдах үзэмжтэй эффектийг оруулж өгч байгаа юм.

Энэ карт маань илүү 3D бүтэцтэй болж чадсан учраас би их баяртай байна. Мэдээж та эх биеэ болон зуйван хэвтэй цаасаа наалдуулахдаа 2 талдаа наадаг хөвөн цавууг ашиглаарай.

Миний ашигласан тамганы сэт олон хөөрхөн дүрснүүдтэй хэдий ч би 2 л карт хийлээ. Энэ сэтийг ашиглаж илүү олон төрлийн картууд хийж болох тул та туршаад үзээрэй. Үнэхээр олон сайхан санаа байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал