Цасан Чи Хаялаач

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/12/15

Би цас хаялсан дулаахан үдэш гадаа алхах дуртай. Би энэ үед бүх уур бухимдлаа мартаж, амар тайван байдлыг мэдэрдэг. Хэрэв цасан ширхэг манай гацуур дээр өлгөөтэй байвал би тэр цас хаялсан үдшийн мэдрэмжийг дахин санах боломжтой санагдлаа. Тиймээс энэ удаагийн урлалаараа тайвшруулах увидастай зэнтангл урлал, амар тайвныг мэдрүүлэх пергаментан цаасыг хослуулж, цас хаялсан үдшийг санагдуулам гацуурын чимэглэл хийлээ.

  • Пергаментан цаас
  • Товойлгогч багаж
  • Товойлгогч хавтан
  • Цоологч зүү
  • Цоологч порлонон хавтан
  • Зузаан өнгийн цаас

За цасан ширхэг хийх учраас цасны дүрс хэрэгтэй. Би зурахдаа муу учраас цасны дүрс принтерлэж гаргаад пергаментан цаасаа дээр нь тавьж товойлгосон. Пергаментан цаасаа товойлгохдоо товойлгогч хавтан болон товойлгогч багаж ашиглан хөнгөн дарж товойлгоно.

Зөвлөмж: Пергаментан цаас маань товойлгохоор цагаардаг цаас юм. Та цагаан болтол нь товойлгохын тулд эхний давхаргаа товойлгоод хэсэг хугацаанд цаасаа амрааж байгаад дахин давхарлаж товойлгоно. Товойлгохдоо хэтэрхий чанга дарвал цоорох аюултай тул хөнгөн, олон давхарлаж товойлговол илүү цэвэрхэн, цагаан болох болно.

Дараа нь цасан ширхэгийн хэлбэрээ гаргаж авахын тулд хайчлах хэрэгтэй. Хайчлахдаа цоологч багажаа босоогоор нь барьж, ойролцоогоор 1мм зайтай, цасны дүрсээ тойруулан цоолно. Дараа нь дугуйруулж хайчлах зориулалттай хайч ашиглаж, арзгар ирмэг гаргана. Хайчлахдаа хайчны 2 үзүүрийг босоогоор нүх тус бүр лүү оруулж, хайчлах явцад хэвтүүлэн хайчилна.

Одоо та хүссэн зэнтангл дүрсээ товойлгож, цоолж болно. Би цасан ширхэгийнхээ том хэсгийг зураасаар болон битүү товойлгох байдлаар хээг зохиомжилсон. Харин жижиг хэсэгт нүхтэй хээ зохиолоо. Хэрэв та хээг хэрхэн зохиомжилохоо мэдэхгүй байвал миний зурсан хээг дуурайн зурж болохоос гадна манай дэлгүүрт байгаа зэнтангл урлалын номыг ч ашиглаж болно шүү.

Зөвлөмж: Та том гадаргууг товойлгохдоо том хэмжээтэй товойлгогч багаж ашиглаарай. Мөн дугуй дүрсийг битүү товойлгохоор бол босоо хэвтээ чиглэлд зурж товойлговол дугуй дүрс маань жигд, цэвэрхэн товойдог.

Пергамэнтан цаас Зэнтангл урлал гайхалтай хослол биш гэж үү? Та энэ урлалыг хийж байхдаа огт яарах хэрэггүй бөгөөд урлалд бүр илүү дурлах болно. Би ийнхүү гацуур модондоо шинэ чимэглэл нэмлээ. Та ч бас туршаад үзээрэй.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд