Цорын Ганцыг Урла, Бүтээ

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/10

Цаасан дээр зурлаа, будлаа, түүнийгээ нейлон материал дээр тавьж байгаад индүүдлээ. Зурсан зураг чинь яг тэр чигээрээ бууна гэвэл танд ямар санагдаж байна? Түүгээр ч барахгүй энэхүү бүтээл чинь энэ цэнхэр гариг дээр цор ганц гээд боддоо.

Өнөөдрийн урлалаараа энэхүү хантааз дээр зураг хэрхэн буулгаснаа хуваалцахдаа таатай байна.

Аливаа зүйл туршилт хийлгүйгээр шууд л төгс болно гэж байдаггүй. Миний хувьд эхлээд өөрт байсан цулгуй цагаан хантааз дээрээ зургаа буулгахдаа индүүгээ хэт халаасны улмаас хантааз минь түлэгдсэн тул тэрхүү хантаазныхаа загвараар Ундармаа эгчээр эсгүүр гаргаж оёуллаа.

  • ColourCraft даавууны будаг /өнгө: Magenta, Turquoise, Lavender, Dark Brown/
  • Цоолбор
  • Нейлон материалтай хувцас эсвэл ийм төрлийн даавуу /цагаан, цайвар өнгөтэй байвал сайн/
  • Цаас /нимгэн, шохойлог бус цаас/
  • Бийр
  • Индүү
  • Тортны цаас

Эхлээд цаасан дээрээ өөрийн дуртай зургаа зурна. Харин цэцэг зурахдаа цоолбор ашиглалаа.

Зурсан зургаа ColourCraft будгаар будна. ColourCraft будаг шингэн болон нунтаг гэсэн 2 төрөл байдаг. Энэ удаа би шингэн төрлийг нь ашигласан.

Санамж: Шингэн будаг маань ёроолдоо тунасан байх тул будахаасаа өмнө сайтар сэгсрээрэй.

Будсан зургаа хайчилж авна.

Санамж: Энэ урлалыг хийх явцад их анхаарал, нямбай байдал шаардагдсан. Тухайлбал, би эхлээд будсан зургаа тэр чигээр нь доош нь харуулаад индүүдтэл энд тэнд буусан илүү будагнууд даавуун дээр мөн буусан. Тиймээс будсан зургаа хайчлан авч индүүдэх нь хамгийн зөв арга байлаа.

Хайчилсан зургаа доош нь харуулж нейлон материал дээрээ тавьж индүүднэ. Индүүдэхдээ тортны цаас хэрэглэнэ. Индүүний хавтан + тортны цаас + хайчилсан зураг + тортны цаас гэсэн дарааллаар тавьж байгаад 2 минут орчим халуунаар индүүднэ. Гэхдээ даавууны материалаас шалтгаалж халуунаа тохируулаарай.

Санамж: Уураар индүүдэх тохиргоон дээр байж болохгүй. Мөн индүүнд ус байж болохгүй шүү.

Цаасан дээрх зураг минь даавуун дээр буулаа. Үнэхээр таалагдаж байна шүү. Энэ бол хантаазны минь арын тал юм.

Энэ мэтчилэн цэцгүүдийг урд талын энгэр дээр буулгав. Ингээд буулгасан зурагтай эсгүүрүүдээ нийлүүлж оёход л хаа ч байхгүй ганган хантаазтай боллоо.

Зөвлөмж: Будсан цэцгээ индүүдэж буулгаад, дахиад будаад буулгаж болно.

Даавуун материал дээр буулгаж болох уу гэж үү? Тийм болно. Гэхдээ танд Transfix хэмээх мидиум хэрэг болно. Тransfix ашигласан Жүлигийн бичлэгийг үзээрэй.

Алдаа, бүтэлгүйтэл, ухаарал, амжилт хослосон энэ удаагийн урлалаас цэвэр нямбай, анхааралтай байснаар сэтгэлдээ нийцсэн сайхан бүтээлтэй болно гэдгийг мэдэж ухаарлаа.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд