Цүнхээ Аварцгаая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/11/24

Бүсгүйчүүд бид заримдаа хуучин цүнхээ шинэчилмээр санагддаг шүү дээ. Гэхдээ хуучин цүнхээ хаямааргүй байдаг. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулаарай. Энэ удаагийнхаа урлалаар манай дэлгүүрт шинээр ирсэн арьс лидрийн будгийг туршиж цүнхээ шинэчилэхээр боллоо. Одоо бид хэзээд цүнхээ хүссэнээрээ өөрчлөх боломжтой болсон шүү. Та надтай хамт цүнхээ өөрчлөөрэй.

  • Арьсан цүнх
  • Stylin арьс лидрийн будаг /Өнгө: Хар, Цагаан/
  • SoSoft даавууны будаг /Өнгө: Хар/
  • Бийр
  • Порлон
  • Товойлгогч багаж

Хамгийн түрүүнд улаан өнгөтэй байсан арьсан цүнхээ бүхэлд нь хар өнгөөр будна. Будахдаа бийр эсвэл порлон ашиглан будаж болно. Порлоноор товшиж будвал таны цүнхний үрчлээс нугалаас руу будаг орж жигд буддаг шүү.

Би цүнхэн дээрээ цагаан өнгөөр мандала хээг зурж содон цүнхтэй болохоор шийдлээ. Хамгийн түрүүнд нарийн бийрээр хагас дугуйг өргөн болон нарийн зураасаар зурна. Дараа нь бийрнийхээ ар талыг цагаан будгандаа дүрж зураасны дотор талд жигд цэглэнэ. Мөн жижиг бөндгөртэй товойлгодог багаж ашиглан жижиг цэгүүдийг цэцгийн дэлбээний дүрс үүсгэн цэглэнэ.

Цэгүүдийн хооронд жижиг хагас гурвалжин зурна. Тэгээд дахин нарийн зураас зурж мандалагийн дараагийн үеийг эхлүүлнэ. Энэ мэтээр та хүссэн хээгээ нарийн болон өргөн зураасаар зурж, том жижиг товойлгогч багаж болон бийрнийхээ ар талыг ашиглан цэгүүдийг хослуулж мандала хээгээ бүтээгээрэй. Хүсвэл миний зурсан хээг дуурайлган зурж болно.

Зөвлөмж: Би анх удаа мандала зурж байгаа бөгөөд жигд зурах тийм ч амар байгаагүй учраас ихэвчлэн цэг болон цулгуй хээг гаргахыг хүссэн. Мөн арьсан цүнх маш олон жижиг үрчлээстэй байдаг тул тэгшхэн зураас зурна гэж бараг байхгүй санагдсан. Гэхдээ таны харж байгаачлан онцгүй болсон гэж хэлэхээргүй байгаа биз. Тиймээс та санаа зоволтгүй хүссэн хээгээ зураарай.

Цүнх маань өмнө нь улаан өнгөтэй байсан учраас цахилгааны даавуу нь улаан өнгөтэй байгаа. Улаан өнгө нь миний цүнхтэй тохирохгүй байгаа учраас SoSoft даавууны хар будгаар цахилгааны даавууг бийрээр будлаа. Цахилгааны завсраар харагдах даавууг будахаа битгий мартаарай. Мөн цүнхний бариул болон бусад арьсан чимэглэл цахилгаан татах бариулыг бүгдийг арьс лидрийн хар өнгөөр будлаа.

Зөвлөмж Та цахилгааны даавууг будахдаа цахилгаанаа хамгаалах шаардлаггүй мөн бусад арьсан чимэглэлүүдийг будахдаа төмөр цагираг болон кнопыг ч бас хамгаалах хэрэггүй шүү. Та будсаныхаа дараа цахилгаан болон төмөр кнопуудыг нойтон салфеткаар цэвэрлэхэд л их амархан арилна. Учир нь будгууд зөвхөн даавуу болон арьс лидр дээрээ л сайн тогтоно.

Ингээд шинэхэн цүнхээ үүрээд сэтгэл өөдрөг алхаарай бүсгүйчүүд минь. Таны урлалд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд