Үнэхээр Гоёмсог Лааны Дэнлүү

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/10

Гэрт тань ашиглаад дууссан хэрэггүй шил савнууд хэр их байна вэ? Шил савнуудаа дахин ашиглалтанд оруулахын тулд будаж өнгөлөхөөс гадна зурагтай салфеткаар чимэглэх декупаж урлал ч байдаг.

Харин энэ удаа би танд бараан өнгийн шилийг хэрхэн чимэглэж болох шинэ аргачлалыг танилцуулъя. Манайд кофений бор шилэн савнууд хэд хэд байсны нэгийг нь алтлаг Gallery glass будгаар чимэглэж лааны үзэмжтэй бүрхүүл болголоо.

Хамгийн түрүүнд энэ саваа маш цэвэр болгон угааж цэвэрлэсэн байх шаардлагатай. Хэрвээ таны шил цавуу болон шошгоны үлдэгдэлтэй байвал урлалыг тань баллана шүү.

Зурах зүйлсээ цагаан Sharpie маркераар тэмдэглэгээ хийлээ. Хэдийгээр энэ маркер маань хумсаараа хусах төдий арилаж байсан хэдий ч нилэнхүйд нь бүх зурах зүйлээ тэмдэглэхээс зайлсхийж зөвхөн цэгэн тэмдэглэгээ хийлээ.

Ингээд шилний зориулалттай Gallery glass будгаа гялгар уутаар хийсэн жижиг уутандаа хийгээд хээгээ зурж эхэлнэ. Миний хувьд Gallery glass будгийг өөрийнх нь хошуугаар зурахыг хүссэнгүй. Учир нь надад маш нарийн зурдаг хошуу хэрэгтэй байсан. Иймээс гялгар уутаараа нарийн үзүүртэй уут хийгээд будгаа дотор нь шахаад өөрийн гэсэн бяцхан багаж болгоод урлалаа хийлээ. Зураг болон хээг зурах тийм ч хэцүү байсангүй. Зүгээр л өөрийнхөө хамгийн сайн зурж чадах хээнүүдээрээ энэ шилээ чимэглэчихлээ.

Зөвлөмж: Gallery glass будаг маань чимэглэлийн зориулалттай учраас та урласан бүтээлээ байнга угааж арчаад байх нь тохиромжгүй юм. Гэхдээ та будгаа илүү тогтоцтой байлгахыг хүсвэл халаагаагүй шарах шүүгээнд хийж 175 градуст 30 минут шараад дууссаны дараа нь өөрөөр нь хөргөөд гаргах юм. Энэ туршилтыг хийсний дараа халуун усанд үрээд угаасан ч шилний маань будаг арилахгүй үнэхээр тогтоцтой болж чадсан байсан. Танд сануулж хэлэхэд үйлдвэрлэгч Plaid компани маань энэ будгийг зөвхөн чимэглэлийн зориулаттайгаар л үйлдвэрлэсэн учраас миний хийсэн туршилтыг та зөвхөн илүү эдэлгээтэй, тогтоцтой болгохын тулд л хийж болох юм.

Алтлаг будаг маань бор өнгийн шил дээр тод ялгарч харагдаад зогсохгүй зүгээр л нэг сүүний сав байсан гэж хэн ч танихааргүй болжээ. Лаа дотор нь хийж асаахад үзэмжтэй харагдаж байгаа хэдий ч та цэцгийн ваар болгож мөн өөр ямар ч зорилгоор ашиглаж болно шүү дээ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд