Үнэн Кайфтай Тоглолоо

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/22

Би бага байхдаа гэртээ хоолны газрын зөөгч болж их тоглодог байлаа. Тэр үед аяга таваг зөөдөг поднос гэх зүйл байхгүй тул үлгэрийнхээ хатуу номон дээрээ аяга, тавгаа тавиад л их тоглодог байж билээ. Харин одоо бол подносыг хаанаас л бол хаанаас олоод авахад их хялбар болжээ. Ингээд нэг өдөр явж байгаад  поднос худалдан авлаа. Тэгээд үүгээрээ үнэхээр гоё тоглосон, гэхдээ зөөгч болж тоглоогүй шүү, харин дээр нь будгаар сайхан тоглосон юм. Ингээд хэрхэн тоглосноо та бүхэнтэй хуваалцъя.

Будаж тоглоход бэлэн үү?

Цагаан өнгийн будгаар подносоо будна. Иймэрхүү пластик эсвэл шил зэргийг будахдаа бийр биш порлон ашиглан будвал илүү дээр байдаг шүү. Мэдээж 2-3 удаа давхарлан будна.

Өөрийн дуртай цоолбороо сонгож, цаасан скотчоор тогтоогоорой. Будагнуудаа тус тусад нь бэлдэнэ. Эхлээд порлоноороо нэг өнгийн будагнаас бага зэрэг авна. Гал тогооны сальфетка дээр будгийг нь үл ялиг шингээж, дараа нь цоолбор дээрээсээ будна. Энэ мэтчилэн бусад өнгөөрөө будна. Цоолбортой хэсгээ будаж дуусаад цоолбороо аваарай. Ингээд үлдсэн хэсэг дээр нь мөн адил цоолборынхоо хээг сайн тааруулж байгаад будаарай.

Алдаагаа засах амархан арга

Цоолборын хээ гарсан ч зарим нэг хэсэг газар нь сайн гараагүй, будаг болсон байгааг анзаарч байна уу? Үүнд санаа зовох хэрэггүй, цагаан өнгийн будгаар дээрээс нь будаж алдаагаа заслаа.

Буд буд бас дахин буд

Цагаан хүрээ юу эсвэл өөр өнгийн хүрээ байсан нь дээр үү гэж бодсоны эцэст шохойлог гадаргуу үүсгэдэг будгаар будахаар шийдсэн. Ингэж будахдаа цаасан скотч ашиглан будсан.

Санамж: Цаасан скотчоо авахдаа болгоомжтой аваарай. Доод талынхаа будгийг хуулж авчихаад болдоггүй, жоохон ажил болсон шүү. Гэхдээ цоолбороо тавиад будаад л алдаагаа зассан шүү.

Эцэст нь бэхжүүлэгч лакаар лакдаарай. Ингэснээр хийсэн урлал минь илүү урт настай, удаан жаргалтай болж байгаа юм даа.

За ингээд захаас авсан жирийн нэг поднос огт өөр үзэмжтэй, сайхан болж хувирлаа. Та ч гэсэн намайг дуурайгаад нэг тоглоод үзээрэй, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд