Урам Хайрлая Гоо Үзэсгэлэн Минь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/18

Талбай дээр үзэсгэлэнтэй охин бөмбөг барьсаар гарч ирлээ. Уянгалаг аялгуу эгшиглэх мөчид охин биеийн уян налархай хөдөлгөөнийг спортийн элементтэй хослуулан бүжиж, бөмбөгөө дээш шидэн түүнийхээ араас дүүлэн нислээ. Хүний амьдрал, сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэн бүжих охиныг харахад бахдам. Гэхдээ энэ бүх сайхан зүйлийн цаана асар их хөдөлмөр, тэвчээр, хатуужил бас нулимс байдаг.

Өнөөдрийн урлалаараа тэрхүү тэсвэр хатуужилтай охидод урам өгөх зорилгоор холимог техник  буюу mix media ханын чимэглэл хийхээр шийдлээ.

  • Канвас /25 х 20 см/
  • Texture Sand Paste зуурмаг
  • Акрилан будаг /өнгө: Sapphire, Festive Red, School bus, Lavender/
  • Урлалын шпатель
  • Цоолбор /долгионтой хээ, бөөрөнхий/
  • Dreamweaver сувдлаг товойлгодог зуурмаг
  • Dreamweaver алтлаг товойлгодог зуурмаг
  • Hammer цаас
  • Fast Grab цавуу
  • Урлалын тамга

Будаг хольж, зуурмаг түрхэж сууриа бэлдэцгээе

Texture Sand Paste зуурмагаас хутгаж аваад канвас дээрээ энд тэндгүй түрхэж өгнө. Энэхүү зуурмаг маань элсэрхэг гадаргуу үүсгэдэг онцлогтой.

Цэнхэр өнгийн акрилан будгийг өөрийн хүссэн хэсэгт дусаагаад урлалын шпателиар нэг чигт тарааж будна. Надад шпатель байхгүй тул хавтгай модон иш ашиглан будгаа тараалаа.

Шар өнгийн будаг нэмснээр будагнууд хоорондоо холилдож, тарааж будахад таатай мэдрэмж төрж, үнэн кайфтай байна.

Урлалдаа улаан өнгө нэмж уусган будвал бүүр ч янзтай.

Одоо хамгийн сонирхолтой хэсэг. Будгаа нэг чигт нь хусаж аваарай. Канвас дээр цэнхэр, шар, улаан өнгө солонгорон үлдэж, бас элс түрхсэн мэт гадаргуу үүснэ.

За ингээд арын суурь бэлэн боллоо. Танд таалагдаж байна уу?

Будсан канвас дээрээ цоолбор тавьж байгаад акрилан будгаа порлон ашиглан түрхсэн боловч яг хүссэнээр минь болсонгүй. Тэгэхээр нь Dreamweaver сувдлаг товойлгодог зуурмагийг түрхэж алдаагаа заслаа.

Уран охиноо урлая

Уран сайхны гимнастикийн бөмбөгтэй үзүүлбэр үзүүлж буй охины дүрсийг хэвлэж гаргаад хайчилан авна. Жирийн бичгийн цаасан дээр гаргаж авсан тул биетэй болгох үүднээс hammer цаасан дээр дагаж зураад хооронд нь наалаа.

Зөвлөмж: Зургийг татаж авах боломжтой.

Тамган дээрээ Versamark өнгөгүй тамганы өнгө түрхээд охин дээрээ тамгаллаа. Харахад юу ч гараагүй мэт байгаа боловч удахгүй гоё үр дүн гарна шүү.

Товойлгогч нутгаа тамгалсан хэсгийг бүрэн бүрхсэн байхаар асгаж өгнө. Дараа нь нунтагаа доош унагаахад тамгалсан хэсэг дээр нунтаг үлдэнэ.

Зөвлөмж:  Нунтагаа цацахдаа доор нь бичгийн цаас тавиарай. Дараа нь илүү гарсан нунтагаа буцаагаад сав руу хийхэд амар байдаг юм шүү.

Халуунаар төөнөгчөөр төөнөхөд нунтаг нь хайлж бага зэрэг товгор гадаргуу үүснэ. Цагаан дээр цагаан өнгийн товойлгогч хэрэглэсэн тул сайн харагдахгүй, харин үүнийгээ тодруулах үүднээс Distress ink тамганы өнгөөр уусган будахад хээ хуар нь тодорч байна. Янзтай биш гэж үү?

 Канвас дээрээ охиноо нааж, бүтээлээ амьдруулъя

Бэлэн болсон уран гимнастикч охиноо Fast Grab цавуугаар канвас дээрээ нааж, Sharpie хар, цагаан маркераар хүрээлж сүүдэр үүсгэв.

Доод талын хээ хуар хэт цагаан санагдсан тул цэнхэр, улаан, шар өнгийг хооронд нь хольж байгаад хуруугаараа түрхлээ. Ингэснээр охин маань цаад талын фоноос ялгаран тодорч байна.

Саатай декупажны мидиумыг дээрээс нь түрхэв.

Охины гарт байгаа бөмбөгийг товойлгох санаа төрсөн ч бөмбөгөө дээш шидэж байгаагаар төсөөлөн, олон бөмбөг хийхээр шийдлээ. Ингээд дугуй дүрстэй цоолбор ашиглан Dreamweaver алтлаг өнгөтэй товойлгодог зуурмагийг түрхэж бөмбөгнүүдээ товойлгов.

Олон төрлийн бүтээгдэхүүн ашиглан урлал хийхэд таатай бас урамтай байлаа. Та ч гэсэн урлаж үзээд энэхүү мэдрэмжийг аваарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд