Урлалаа Хэрхэн Эртний Харагдуулах вэ?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/11/17

Та өөрийн гараар маш хялбархан эртний эдлэл бүтээх боломжтой гэдгээ мэдэх үү? Би нилээд удаан хадгалсан зүрхэн хэлбэртэй модоо нэг өдөр зүрх гарган декупажилахаар шийдсэн юм. Яг ямар болгохоо шийдээгүй байсан ч, сальфеткаа сонгож урлаж эхэлсэн бүтээл маань явц дундаа өөрчлөгдсөөр эртний, хуучирсан болсон нь надад их таалагдсан. Харин би танд одоо үүнийг хэрхэн урласнаа хуваалцъя.

  • Цагаан өнгийн Americana акрилан будаг
  • Сальфетка
  • Бор өнгийн Multi-Surface акрилан будаг
  • 2 үйлдэлтэй хагардаг лак
  • Matte Decoupage medium/Бүрсгэр декупажны мидиум
  • Багс болон порлон

Юуны түрүүнд модон зүрхээ цагаан өнгийн акрилан будгаар будна. Би үүнийг 2 удаа давхарлаж будсан. Дараа нь, будсан гадаргуун дээрээ декупажны мидиумээ түрхэнэ.

Мидиумыг нойтон байгаа дээр нь сальфеткаа байрлуулж наана. Зүрхний баруун, зүүн болон доод ирмэгт сальфетка дутаж байгаа хэсгүүдэд ч сальфетка наах хэрэгтэй. Үүний тулд сальфетканы үлдсэн хэсгээс хайчилж аваад наагаад декупажны мидиумээ 2-3 удаа давхарлаж түрхэнэ.

Одоо зүрхнийхээ ирмэг хэсгийг бор өнгийн акрилан будгаар уусгаж будна. Цэцэгтэй ойр хэсгийг устай шингэлсэн бор өнгөөр будаад, буцаагаад сальфеткаар арчиж авна. Ингэснээр цэцгийн эргэн тойронд бага зэрэг бор туяа орох юм. Харин зах ирмэгийг шингэлээгүй будгаар порлондож будна.

Үүний дараа 2 үйлдэлтэй хагардаг лакаа түрхэж, урлалаа хагарсан хуучирсан эффекттэй болголоо. Өмнө нь хагардаг лак туршиж үзээгүй болохоор ямар болох бол гэж гайхаж, бас эмээж байсан ч, хэсэг хугацааны дараа хүсч байсан хагаралт үүсгэсэн байгааг хараад их баяртай байлаа.

Хамгийн сүүлд хагардаг лак хатсны дараа дахин бор өнгийн акрил дээгүүр нь түрхээд, эргүүлэн арчиж авах хэрэгтэй. Ингэснээр хагаралтын ан цаваар будаг орж, хагаралт маань тодорч харагдах болно.

Ингээд миний урлал дууслаа! Ямар болсныг нь хараад би зүгээр л маш их баяр хөөр, сэтгэл хангалуун байдлыг мэдэрсэн шүү. 2 үйлдэлтэй хагардаг лакыг хэрэглэх ч мөн их зугаатай байлаа. Хэрэв та хуучирсан эртний зүйл урламаар байвал дээрх зааврыг дагаад хийгээд үзээрэй. Танд амжилт хүсье! 😉

Зөвлөмж: Хэрэв та том хагаралт үүсгэхийг хүсвэл Үйлдэл 1-г зузаан тавиарай. Би жижиг хагаралт хүссэн учраас хоёуланг нь нимгэн түрхлээ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд